sonin.mn
 
ТЕГЕРАН. /Thehill/. АНУ-ын нисэх онгоц тээгч хөлөг онгоцоор ахлуулсан цохилтын баг Персийн буланд байрлаж байгаатай холбогдуулан Ираны дээд удирдагч Персийн булангаас холхон байхыг АНУ-ын цэргийнхэнд анхааруулсан байна.
 
 
"Энд юу хийж байгаа юм? Кочинос булан руугаа буцаж, тэндээ сургуулилт хий. Персийн буланд юу хийж байгаа юм бол? Энэ бол манай нутаг" гэж аятолла Али Хаменеи мэдэгджээ.
 
Ирак болон Сири дэх “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор АНУ Персийн булан дахь цэргийн хүчээ зузаатгаж байгаатай холбогдуулан Али Хаменеи дээрх мэдэгдлийг хийсэн байна.
 
АНУ-ын эсэргүүцлийг үл тоон Иран улс Персийн булан цэргийн сургуулилт хийсээр байх болно гэж Хаменеи мэдэгджээ. Иранчуудын хувьд Персийн буланг арын цэцэрлэгээ гэж үздэг бөгөөд АНУ, Иран хоёр хоёулаа тус бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг байна.
 
"Өнөөдөр дайснууд амнаас нь гарахааргүй том том юм ярьж байна. Жишээ нь Персийн булан дахь Ираны цэргийн сургуулилтыг зогсоох төлөвлөгөө гаргана гэх мэтээр, ямар мунхаг үг яриа вэ?" гэж Хаменеи ярьжээ.
 
Мөн тэрбээр “Персийн булан болон Оманы тэнгисийн томоохон хэсэг нь Ираны нутаг юм . Тиймээс бид энэ бүс нутагтаа оролцоогоо хадгалж, цэргийн сургуулилт хийж, хүчин чадлаа харуулах ёстой. Харин америкчуудын хувьд яагаад дэлхийн нөгөө өнцгөөс энд ирж, цэргийн сургуулилт хийгээд байна вэ гэж өөрсдөөсөө асуух хэрэгтэй” гэж нэмж хэлсэн байна.
 
Д.Нямтулга

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг