sonin.mn
Эдийн засгийн хөгжлийн асуудал судлаач, доктор А.Даваасүрэнг “Ярилцах цаг”-ийн  зочноор урилаа.
 
-МАХН-аас  дэвшүүл­сэн 10:30:60 хөгжлийн хөтөлбөр анхаарал татаж байгаа. Хөгжлийн энэ хөтөл­бөрийг судлаачийн хувьд та юу гэж үзэж байна? 
 
-Монгол Улс сүүлийн 26 жил тогтвортой, урт хуга­цааны шинжлэх ухааны  судалгаанд суурилсан бодлогогүй явж ирсэн гэж болох юм. Бодлого байх нь байгаа. Гэхдээ түүнийг хэрэгжүүлэхдээ байнга алдаа гаргадаг.  Бусад орны хөгжлийн урт хугацааны бодлогыг харж байхад хугацаа нь урт, ялангуяа гадагшаа чиглэсэн бодлогоо зуун зуун жилээр төлөвлөсөн байдаг. Нийтлэг жишгээр 20-25 жилээр  урт хугацааны бодлого, чиглэлээ тодорхойлж ирсэн практик байна.
 
Манай улс 1996 онд хөгжлийн урт хугацааны бодлогоо тодорхойлсон. Мөн 2008 онд Мянганы хөгжлийн зорилтод суурилсан тогтвортой хөгжлийн бодлогыг баталж гаргасан. Энэ бодлого, стратегиуд хэрэгжээгүй зөвхөн цаасан дээр үлдсэн. Бид бодлоготой хүн гэж ярьдаг. Хүн ч гэсэн бодлого, төлөвлөгөөтэй амьдардаг байхад улс орон өөрийн гэсэн бодлого, төлөвлөгөөтэй байх ёстой.
 
Нөөц бололцоог судалж, давуу болон сул талаа тооцож, боломжоо тодорхойлж байж цаашдын  урт хугацааны алс  хэтийн зорилтыг дэвшүүлж,  хөгжлийн таамаглал, бодлого зорилтоо  гаргадаг.  Энэ аль ч улс оронд байдаг  нийтлэг практик юм. Харамсалтай нь бид тэгсэнгүй. Зах зээлд төлөвлөгөө гэдэг юмнаас айж, социализмын үеийн хоцрогдсон ойлголт гэж үзсэнээс болж нэлээд зүйлийг орхигдуулж ирсэн. Ялангуяа төлөвлөлт, алс хэтийн урт хугацааны төлөвлөлтийг ерөөс тооцолгүй явж ирсэн байдаг. Иймд манай хэсэг эрдэмтэн  хамтран Монгол Улсын 2026 он хүртэлх хөгжлийн урт хугацааны хөтөлбөрийг боловсруулсан.
 
Эрдэмтдийн оролцоотой хийсэн энэ хөтөлбөрөө   10:30:60 гэж  нэрлэсэн. Өөрөөр хэлбэл, 10 жилийн дотор Монгол Улсыг дэлхийд 30 дугаар байрт орох хэмжээнд хөгжүүлэх, нэг хүнд ногдох ДНБ-ийг 30 мянган ам.долларт хүргэх  томъёоллыг гаргасан. Хэрэгжүүлэхэд  50 тэрбум ам.доллар хэрэгтэй гэж үзэж байгаа. Үүнийг дагаад жилд 60 мянга, 10 жилд 600 мянган ажлын байр бий болно. Аж үйлдвэр, эмчилгээ, боловсролын төв, их, дээд сургуулийн цогцолбор бүхий найман хотыг байгуулна. Хотуудыг  холбосон “Мянганы төмөр зам” барих том  зорилго дэвшүүлсэн.
 
-Аж үйлдвэрийн хотыг байгуулахад ямар хэмжээний зардал гарах вэ?
 
-Аж үйлдвэрийн нэг хотыг барихад дунджаар 1.5 тэрбум ам.доллар шаардлагатай. Найман хотыг барихад нийтдээ  12.5 тэрбум ам.доллар шаар­дагдана. Аж үйлдвэрийн хотуудыг барихдаа улс орны хэмжээнд 3500 мегаваттаас доошгүй хүчин чадалтай эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд байгуулна. Ер нь манай улс эрчим хүчээр  өөрийгөө бүрэн  хангачихвал хотын утааны асуудал аяндаа шийдэгдэх юм. Аж үйлдвэрийн хотуудын хөгжлийн тулгуур нь  хими, төмөрлөг, эрчим хүчний салбар байдаг. Энэ гурван салбарыг тухайн орон нутаг, тухайн хотын нөөц, байгалийн баялагт тулгуурлан төрөлжүүлэх чиглэлээр байгуулна.
 
-“Мянганы төмөр зам”-ын маршрут ямар байх вэ?
 
-Ховд-Чойбалсанг  холбосон  төмөр зам барина. Үүнд 10.5  тэрбум ам.доллар шаардлагатай. Нэг километр төмөр замыг  манайд дунджаар гурван сая  ам.доллараар барьдаг гэсэн  тооцоо бий. Бусад улс оронд 10 сая ам.доллараар барьдаг жишиг бас бий. Яагаад манайд ийм байна гэвэл, газар нутаг нь тал хээрийн бүс зонхилдог. Уул, даваа гүвээ нүхлэх тохиолдол бага байдаг учраас зардал хямд байдаг.
 
-0 түрээсийн зарчмаар орон сууцжуулах зорилт тавьсан байсан. Энэ талаар?
 
-0 түрээсийн зарчмаар 450 мянган  айлын орон сууц барина гэж байгаа. Дунджаар нэг айлд 60 м/кв талбайтай орон сууцыг м/кв-ыг 1000 ам.доллар буюу одоогийн үнэлгээгээр хоёр сая төгрөгийн өртгөөр  барина. Үүнд 27 тэрбум ам.доллар шаардлагатай  гэж тооцсон.
 
-Бүтээн байгуулалтын зардал, хөрөнгө оруулалтыг хаанаас, яаж босгоно гэж тооцоолж байна?
 
-Хүмүүсийн зарим  энэ хэзээ ч бүтэхгүй, мөрөөдлийн  амлалт гэж бодож магадгүй. Судлаад үзэхэд боломж их байна. Бид 7-8 хувилбар  боловсруулсан. Тухайлбал, нэгдүгээрт Багануур, Шивээ овоо, Тавантолгой гэсэн гурван ордын төрд ногдох хувьд тулгуурлаж, олон улсын зах зээл дээр үнэт цаас гаргах замаар төсөв төвлөрүүлэхэд 82 тэрбум ам.доллар босгох боломжтой.
 
Стратегийн 15-16 ордоос зөвхөн энэ гурван ордын  төрийн эзэмшлийн хувь дээр авч үзэхэд  ийм боломж байна. Хамгийн боломжтой хувилбар бол энэ гурван ордын хувьцааг эзэмшиж байгаа “Эрдэнэс Монгол” компанийн хувьцааг хөрөнгө оруулагчид зарах маягаар хамтарч ажиллах бас нэг арга зам байна. Энэ хамгийн боломжтой хувилбар. Шууд хөрөнгө оруулалт байж бас болно. Энд нэг зүйлийг хэлэхэд гадаадын хөрөнгө оруулагчдад бид өөрийнхөө бодлогыг тогтвортой бөгөөд ойлгомжтой байлгаж байж тэд итгэж хөрөнгө оруулна. Хамгийн гол нь манай бодлого тодорхой биш, тогтворгүй, Засгийн газрын үйл ажиллагаа залгамж чанаргүй, нэг нь гарч ирээд өмнө хийж байсан зүйлүүдийг үгүйсгэсэн энэ хэлбэр нь гадаадын хөрөнгө оруулагчид, биднийг ажиглаж байгаа дэлхий нийтийн гайхшийг төрүүлээд байдаг.
 
Тэгэхээр төрийн үйл ажиллагаа тогтвортой  болсон нөхцөлд энэ бүрэн боломжтой. Бас нэг гарц нь Засгийн газрын бондоос хөрөнгө татаж  болно. Энэ дотроос түрүүчийн миний хэлсэн хоёр хувилбар бол хамгийн боломжтой арга замууд. Эсвэл урьдчилаад Тавантолгойгоос төрд ногдож байгаа хувьцааг бөөний үнээр зарах маягаар хэрэгжүүлж  болно. Энэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд ирэхэд эдийн засгийн маань дархлаа сайжраад ирнэ. Аж үйлдвэрийн хотууд хүмүүсийг байнгын ажилтай, орлоготой болгосноор иргэд ажлын байран дээрээ өсч хөгжинө.
 
Төсөвт орж ирж байгаа татварын хэмжээ нэмэгдэнэ. Энэ тохиолдолд 0 түрээсийн зарчмаар ард иргэдийг орон сууцуулна. Эхний удаад 450 мянган айлын орон сууцтай болно. Их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг төрөөс үнэгүй даадаг болох боломжтой. Эмнэлгийн бүх үйлчилгээг үнэ төлбөргүй болгох боломжтой. Найман хотод эмчилгээ, оношилгооны том цогцолбор байх ёстой. Мөн аж үйлдвэрийн болон шинжлэх ухааны байгууллага, МСҮТ хамтарсан цогцолборууд барьснаар нийгмийн асуудлууд аяндаа шийдэгдэнэ.
 
-Хүний, боловсон хүчний хөгжлийн асуудлыг яаж зохицуулах бол?
 
-Хөгжлийн хоцрогдлын асуудал хүндээ байгаа. Монгол хүний боловсролын төвшин, эрүүл мэнд, хөдөлмөрч сэтгэлгээ, бүтээлч байдал  их дутагдалтай байдаг. Тэгэхээр монгол хүнээ хөгжүүлэхэд эрүүл мэндэд зарцуулагдах хөрөнгийн хэмжээг зайлшгүй нэмэгдүүлэх, боловсрол, шинжлэх ухраанд зарцуулж байгаа хөрөнгийн хэмжээг 10 дахин нэмэх шаардлагатай. Ингэж байж монгол хүн газар нутагтаа эзэн болж, тэндээ  гадаадын ажилчдыг удирдах хэмжээнд хүрнэ.
 
Ийм толгойнуудыг бий болгох шаардлагатай. Үүний тулд “Хүний нөөцийн алтан сан”-г бий болгох хэрэгтэй. Энд аль нэг намын харъяалал, нас хүйс харгалзахгүйгээр сан бүрдүүлж, түүнээсээ төрийн тодорхой ажил, албанд дэвшүүлж байх нь зүйтэй гэсэн зорилт бидэнд бий. Төрийн ажил, албыг шуурхай, хүртээмжтэй болгох гэж 20 гаруй  жил ярилаа. Эцсийн дүнд хүн төрийн шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлж байна. Иймд монгол хүнээ хөгжүүлэх хэрэгтэй. Хүнээ хөгжүүлэхдээ ажлын байранд хүнийг суралцуулах, мэргэжилд  нь ахиулах загвар байгаа. 
 
-10:30:60 хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хөгжлийн хувьсгал хийнэ, урт хугацаанд хөгжүүлнэ гэж ярьж байна. Хэрэгжүүлэх гарц, зарчмыг та юу гэж харж байна?
 
-Гарц нь ерөөс сонгуулиа зөв, шударга явуулахад оршино. Ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй, боловсролтой, тулхтай, шударга, зөв хүмүүсийг л бид  дэмжиж сонгох хэрэгтэй. Өнгөрсөн 26 жилд бид хэнийг сонгохоо мэдэхгүй явж байгаад сонгуульд орж, бараг таалагдсан нэрээ дугуйлдаг байлаа. 26 жил ингэж буруу замаар явлаа. 2016 оны сонгуульд эрдэм боловсролтой, эх орноо гэсэн сэтгэлтэй, шунаг, сувдаг биш  шударга,  зөв хүмүүсийг гаргах юм бол хөгжлийн хөтөлбөр маань хэрэгжээд явна.  Дээр нь “Хүний нөөцийн алтан сан”-г аль  намынх, нас хүйс, яс үндэс хамаагүйгээр тодруулж гаргах хэрэгтэй юм.
 
Энэ удаагийн сонгууль нэлээд онцлог болох байх. Яагаад гэвэл, нийгмийн хэрэгцээ, шаардлага нь өөр болчихсон байгаа. Сонгуулиар дамжуулж энэ бүхнийг өөрчилье. Хувьсгал шиг  тийм өөрчлөлтийг хийе гэсэн ард түмний хүлээлт бий болсон. Шинэ хүнийг, шинэ хүчнийг   сонгоё гэсэн хандлага нэлээд  байна.  Ардын нам, Ардчилсан нам хоёроос ард түмэн уйдсан  байна. Тэгэхээр шинэ хүмүүс, тэр дотроо эрдэм мэдлэгтэй, эх орноо гэсэн хүмүүс гарч ирж байж бид улс орноо авч  явна.
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин