sonin.mn
 
БНХАУ-ын Бээжин хотноо 2016 оны 4 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд болсон Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг оролцов.
 
Тэрээр, Азийн бүс нутагт аюулгүй байдлыг хангах, итгэлцлийг бэхжүүлэх чиглэлээрх 30 орчим улсыг багтаасан энэхүү яриа хэлэлцээний уулзалтад Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэв. Эдүгээ олон улсад тулгамдаад буй уламжлалт болон уламжлалт бус заналхийллийн эсрэг олон улсын хамтын нийгэмлэг шийдвэртэй арга хэмжээ авч,аливаа үл ойлголцлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийн чухлыг тэмдэглээд, энэ үйл хэрэгт эл бага хурал тодорхой үүрэг гүйцэтгэх учиртайг онцлон бүс нутгийн болон олон улсын аюулгүй байдлыг сахин хамгаалах чиглэлд явуулж буй Монгол Улсын хүчин чармайлтын талаар мэдээлэв.

“Яриа хэлэлцээний замаар аюулгүй байдлыг хангах нь” сэдвийн хүрээнд болсон 5 дахь удаагийн сайд нарын уулзалтаар гишүүн орнууд олон улсын хамтын нийгэмлэгт тулгамдаж буй асуудлуудаар байр сууриа илэрхийлэн хурлын төгсгөлд хамтарсан тунхаглал гаргав.
 
Бага хурлын дарга БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягийг хүлээн авч уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
 
Түүнчлэн бага хуралд оролцож буй ОХУ, БНСУ, Казахстан, Индонези, Филиппин, Вьетнам зэрэг улсын Гадаад хэргийн сайд нартай уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцон 7 дугаар сард зохион байгуулагдах АСЕМ-ын дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын явцын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.