sonin.mn
Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) -ын дарга С.Боргил тэргүүтэй 20 хүн бие даан нэр дэвшихээр материалаа өгсөн нь үнэн гэдгээ өнөөдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгдлээ.
 
Тус намын дарга нарын нэг С.Боргил  энэ тухай: “Сүүлийн үед Хөдөлмөрийн үндэсний намыг сонгуульд бие даан оролцохгүй, АН-ыг дэмжихээр болсон гэх зэрэг мэдээллүүдэд албан ёсоор залруулъя.
 
Хөдөлмөрийн үндэсний нам 2016 оны УИХ-ын сонгуульд бие даан оролцох хүсэлтээ, аудитын дүгнэлт гаргуулсан мөрийн хөтөлбөрийн хамтаар Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгсөн. Манай намыг СЕХ-оос төлөвшөөгүй учраас сонгуульд оролцуулахаас татгалзсан гэх мэдээлэл ташаа. Сонгуулийн ерөнхий хороо ийм шалтгааны улмаас намыг сонгуульд оруулна, оруулахгүй гэдэг заалт хуулинд байхгүй.
 
ХҮнам өөрөө улс төрийн төлөвших процессынхоо дунд явж байгаа. Яг улс төрийн нам гэж яваад нэг жил хүрэхгүй хугацааг л туулсан байна. Энэ агуулгаараа бид төлөвшлийн хүнд хэцүү процесс дунд явж байна. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх ёстой.  
 
Мөн манай нам яг нэр дэвшихээр өөрсдөө шийдсэн хүмүүсээ бүгдийг нь бие даан нэр дэвшүүлнэ гэж шийдсэн. Үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдалд Хөдөлмөрийн үндэсний нам шинэ сонголт болон гарч ирж чадсан. Тийм учраас улс төрийн бусад хүчнүүд болон өөр ямар нэгэн байдлаар манай намыг сонгуульд оруулахгүй байх тохиолдолд бие даан нэр дэвших юм." гэв.
 
П.Мандах