sonin.mn

Саар мэдээллийг халж сайн мэдээллийг дэлгэрүүлэх үйлсэд сэтгүүлчдийн дуу хоолойг хүргэх санаачилгыг “Эрдэнэт үйлдвэр” гаргалаа. Нийгмийн сайн, сайхны төлөөх энэхүү ажлыг МСНЭ хариуцах бөгөөд өнөөдөр “Чингис” зочид буудлын “Тэмүүжин” танхимд “Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян”-ыг албан ёсоор нээв.

 МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид,“Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян” сэтгүүлзүй дэх шинэ үзэгдэл юм. ЮНЕСКО-гоос Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан “Мэдээлэлтэй байх эрх, язгуур эрх чөлөө” гэсэн уриаг дэвшүүллээ. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн энэхүү уриалгатай дээрх аяны зорилго нийцэж байгаагаараа онцлогтой. Нийгэмд тустай, хүнд хэрэгтэй сайн мэдээллийг олон нийтэд хүргэх явдал өнөөдрийн нийгэмд орхигдоод байгаа. Энэ цаг үед Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олон “Сайн мэдээний аян” явуулах санаачилга гаргасан нь цаг үеэ оллоо. Энэ нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тус компани дөрөв дэх засаглалд оруулж буй нэг хувь нэмэр  нь энэ юм. “Эрдэнэт” үйлдвэр тусгай сан байгуулж, сайн мэдээ бэлтгэсэн хэвлэлийн байгууллага сэтгүүлчдийг урамшуулах юм. Манай эвлэлийн зүгээс 8 сарын туршид хэвлэл мэдээлэл болон сэтгүүлчдийн бэлтгэсэн давтагдаагүй, хуулаагүй шинэлэг “Сайн мэдээнүүдийг нэгтгэж хоёр тал хамтран шүүнэ” гэлээ.     

Харин аяны санаачилгын тухай "Эрдэнэт" үйлдвэрийн Хөгжлийн асуудал  эрхэлсэн орлогч  Б.Намхайнямбуу ярихдаа, “Уул уурхайн компани гэнэт “Сайн мэдээний аян” ярихаар хүмүүс гайхаж магадгүй. Манай үйлдвэр Топ-100 аж ахуйн нэгжээр 15 дахь жилдээ тэргүүлж байна. Тиймээс бид нийгмийн сайн, сайхны төлөө ажиллах ёстой. Тэр утгаараа дөрөв дэх засаглалтай хамтарч ажиллахаар санаачилга гаргалаа. Аяны гол зорилго нь  нийгэмд тустай сайн, сайхан мэдээлэл түгээх соёлыг хэвшүүлэх, гэгээрүүлэх үйлсэд хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарынхныг идэвхжүүлэх, компанийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх талаар бусад аж ахуйн нэгжүүдэд үлгэр дууриал болоход чиглэж байна. Түүнчлэн мэдээллийн урсгал дундаас эх орон, хувь хүн, олон нийтэд хэрэгтэй, тустай мэдээг чухалчилсан хэвлэл мэдээллийнхнийг илүүтэй хүндэтгэдэг хандлагыг нийгэмд төлөвшүүлэх юм. Аянд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцож “Нийгэмд тустай сайн мэдээ” түгээх үйлсэд хувь нэмрээ оруулахыг уриалж байна” хэмээв.

Энэ үеэр сэтгүүлчид хэн нэгэн сайд дарга нарын дохиураар бус нийгмийн эрэлтэд тулгуурласан сайн мэдээний төлөө нэгдэх цаг болсон. Улс төрчдийн бодлогоор бус жинхэнэ сайн мэдээний араас гүйхийг цаг үе шаардах болсныг онцолсон юм.

Аяны хүрээнд “Хамгийн сайн телевизийн мэдээ”, “Хамгийн сайн сонин, сэтгүүлийн мэдээ”, “Хамгийн сайн радиогийн мэдээ”, “Хамгийн сайн цахим мэдээ” гэсэн 4 номинацид шилдгүүдийг тодруулах аж. Тодруулбал “Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аяны манлайлагч” цом, өргөмжлөл, мөнгөн шагнал, редакцид шаардлагатай тоног төхөөрөмж зэрэг үнэ бүхий зүйлээр шагнана хэмээн зохион байгуулагчид нь хэллээ.

 Б.Заяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг