sonin.mn
 
ВАШИНГТОН. /sun-sentinel/. Өчигдөр АНУ-ын “Adonia” аяллын хөлөг онгоц Майами боомтоос Кубыг зорин хөдөллөө. Ингэснээр энэ хөлөг онгоц сүүлийн 50 жилийн хугацаанд Кубын боомтод очсон Америкийн анхны зорчигч тээврийн усан онгоц болж байгаа юм.
 
 
Хувьсгал, АНУ-ын хориг арга хэмжээ, хүйтэн дайны үеийн суртал ухуулга зэргээс үүдэн тасраад байсан АНУ-Кубын дипломат харилцааг сэргээнэ гэж АНУ 2014 оны 12 дугаар сард мэдэгдсэний дараа нэгэн цагт зорчиход хориотой байсан, коммунист дэглэмтэй Куба руу аялах боломж нээгдсэн юм. Өнөөдөр гэхэд 700 орчим аялагчид Кубыг зорих бөгөөд аяллын тийзний үнэ 2000-7500 долларт хэлбэлзэж байна.
 
Уг хөлөг онгоцоор зорчигчдын дотор Эрх чөлөөний аралд төрөөд хожим нь АНУ-ын иргэн болсон хүмүүс байгаа аж.
 
Өмнө нь тус компани “Кубад төрсөн АНУ-ын иргэдийг усан онгоцоороо зорчуулахгүй” гэж мэдэгдэж байсан юм. Учир нь, “хүйтэн дайн”-аас улбаатай Кубын хуулиар бол, Кубын аралд төрсөн Америкийн иргэд тус аралд усан замаар нэвтрэхийг хориглодог ажээ. Харин агаарын замаар нэвтрэхэд ийм хориг үйлчилдэггүй гэнэ.
4 сарын сүүлчээр Кубын Коммунист намын хэвлэл болох “Гранма” сонинд бичсэнийг үзвэл, тус улсын эрх баригчид хуулинд өөрчлөлт оруулж, дээрх хоригийг цуцлах бодолтой байгаа бололтой.
 
1957 онд Ки-Уэст арал дээр амьдарч байхдаа Куба руу явах боломжийг алдаж байсан гэж ярьж буй өдгөө 73 настай АНУ-ын Флорида муж улсын Делрей-Бич хотын оршин суугч Рик Шнайдер энэ удаад Кубыг зорихоор шийджээ. Тэрбээр “Amazon” худалдааны цахим хуудсаар Кубын далбааг худалдан авч, “Adonia” аяллын хөлөг онгоц Майами боомтоос хөдлөх мөчид далбааг намируулж байжээ.
 
Д.Нямтулга

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг