sonin.mn
 
УИХ-ын дарга З. Энхболд СЕХ-нд АН-ын 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өгсний дараа сэтгүүлчдийн  асуултад хариуллаа.
-АН 2016 онд эдийн засгийг өндийлгөх ямар стратегийг мөрийн хөтөлбөртөө тусгаж байна вэ?
 
- Үндэсний Аудитын газраар мөрийн хөтөлбөрөө хянуулаад Сонгуулийн Ерөнхий хороонд өглөө.Ардчилсан нам дөрвөн жилийн өмнө ямар эдийн засагтай улсын эрхийг барьсан бэ гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Ардчилсан нам экспортын 90 хувийг уул уурхайн түүхий эдийг эзэлсэн хөөсөрсөн эдийн засгийг дөрвөн жилийн өмнө хүлээж авсан. Уул уурхайн түүхий эдийн үнэ хоёроос тав дахин унаж эдийн засгийн хөөс хагарсан сорилтын жилүүдийг иргэдтэйгээ хамтдаа тууллаа.  Үнэ саарсан хүнд  эдийн засгийг авч явахын тулд чамгүй ажиллалаа. Дөрвөн жилд  эдийн засгийн дэд бүтцийн суурийг тавьсан.
 
Эдийн засгийг сонгоруулахын тулд  халамжийн мөнгө тараах тогтолцооноос салахыг зорьсон. Баялаг бүтээчдийг дэмжих замаар уул уурхайн бус экспортыг  нэмэгдүүлэхээр ажилласан. Энэ мэт нүдэнд үзэгдэх олон ажлыг амжуулсан. Баялаг бүтээдэг  хүмүүсийнхээ орлогыг  нэмэгдүүлэхэд анхаарч, олон үйлдвэрийг ашиглалтад орууллаа. Энэ ажлуудаа үргэлжлүүлж эдийн засгийг солонгоруулахад бид бүх хүчээ дайчилна. Өмнөх жилүүдийн туршлага, бодит судалгаанд үндэслэсэн “Монгол хүн-2020” хөтөлбөрөө шинэ шатанд гаргаж хэрэгжүүлнэ.
 
- Хямралыг сөрөх зүйл заалтаасаа танилцуулахгүй юу?
 
Дэлхийн эдийн засаг унасан, цаашид сэргэх төлөвгүй хүнд үетэй бид нүүр тулж байна. Гэнэтийн 17 хувийн эдийн засгийн өсөлт дэлхийн хаана ч ирэхгүй. Тиймээс өсөлт удааширсан энэ үед хэрхэх вэ гэдгийг  бодолцон мөрийн хөтөлбөртөө тусгалаа. Тодруулбал уул уурхайн бус салбаруудыг хөгжүүлэх замаар эдийн засагт хувь нэмэр оруулах экспортыг  тэлэх зорилтыг дэвшүүлж байгаа. Үүний зэрэгцээ ажлын байрыг нэмэгдүүлэх хүмүүсийн орлогыг тэлэхэд анхаарч байна.
 
-АН дөрвөн жил засаг барилаа. Энэ хугацаанд хэрэгжсэн мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг хэрхэн дүгнэж байна?
 
-2020 хөтөлбөрийг 100 хувь биелүүлнэ гэдэг цаг хугацааны хувьд боломжгүй. Учир нь найман жилийн хөтөлбөр. АН 2020 мөрийн хөтөлбөрийн биелэлтийн хувийг удахгүй мэдээлнэ. 2020 хөтөлбөрийн зарим зорилтууд 100 хувь биелсэн. 50, 60 хувьтай явж байгаа зорилтууд ч бий. Сонгуулийн тухай хуульд заасан сурталчилгааны хугацаа болохоор бид дэлгэрэнгүй мэдээллийг ард түмэндээ тайлагнана.  
 
 Б.Заяа
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг