sonin.mn

Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.04.29/ үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс хүсэлт гаргах тухай 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 15 тоот албан бичиг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод ирүүлснийг хуралдаан даргалагч Р.Гончигдорж уншиж танилцуулав.

Энэхүү албан тоотод “Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэгийн хүсэлтээр түүнийг бүлгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн даргаар Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүг томилсон болохыг үүгээр уламжилж байна” гэсэн байна.

Сонгуулийн тухай хуулийн зарим заалтыг Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр түдгэлзүүлээд байгаа асуудлыг өнгөрсөн Лхагва гарагт Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх байсан ч “Шударга ёс” эвсэл уг асуудлаар завсарлага аваад байсан. Мөн өнөөдрийн чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд эвслийн бүлэг 14 цагаас өмнө хуралдаж асуудлаа хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай гэдгийг сануулаад хэрэв энэ хугацаанд багтааж асуудлаа шийдэхгүй бол 14 цагаас эхлэх чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэнэ гэдгээ мэдэгдсэн юм.

Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн даргаар шинээр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү энэ талаар өгсөн тайлбартаа, “Шударга ёс” эвслийн бүлэг үдээс өмнө хуралдаж Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн даргыг өөрчлөх болон Цэцийн дүгнэлтийн талаар хэлэлцсэн. “Шударга ёс” эвслийн бүлэг Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх асуудлаар нэмж тодруулах зүйл байгаа тул завсарлагын хугацааг хуулийн хугацаанд авах хүсэлтэй байгаа гэлээ.

Ингээд чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Иргэний улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл нар танилцуулав.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн зорилго, бүртгэлийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд нийцүүлэн уг хуулийг өнөөгийн болон цаашдын чиг хандлагатай уялдуулан хуулийн зохицуулалт, үр нөлөөг дээшлүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх, иргэнд чирэгдэлгүй бүртгэлийн үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчинг бий болгохоор уг хуулийн хэрэгжилтийн үр дагавар болон холбогдох судалгааг үндэслэн Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний иргэний улсын бүртгэлийн асуудлыг холбогдох бусад хуультай нийцүүлэх чиглэлээр бүртгэл тус бүрт өөрчлөлт оруулсан байна.

Мөн сум, дүүрэг, хорооны улсын бүртгэгч, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын иргэний бүртгэл хариуцсан ажилтны иргэний улсын бүртгэл хөтлөх үйл ажиллагааг тодорхой болгон өргөжүүлж, зарим төрлийн иргэний улсын бүртгэл хийх боломжийг шинээр бүрдүүлжээ. Түүнчлэн шилжилт хөдөлгөөн, Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяаллаа сэргээн тогтоосны, хүйс өөрчлөгдсний, овог, нэр өөрчлөлтийн бүртгэлээс бусад бүртгэлийг засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй бүртгэдэг байхаар тусгасны зэрэгцээ зарим төрөл (овог, эцэг/эх/-ийн нэр, нэр өөрчилсний, гэрлэлт цуцалсаны, үрчилсний)-ийн бүртгэлд бүртгэлийн гэрчилгээг олгодог зохицуулалтыг хасч, зөвхөн төрсний, гэрлэсний, нас барсны бүртгэлд гэрчилгээ олгож байхаар шийдвэрлэж, бусад бүртгэлд зөвхөн лавлагаа олгодог байхаар зохицуулсан байна.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Лүндээжанцан, Д.Ганхуяг, С.Бямбацогт, Н.Энхболд нар асуулт асууж хариулт авлаа.

Иргэний улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийг төслүүдийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 59.6 хувийн саналаар дэмжсэнээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.