sonin.mn
Монгол Улсын Их Хурал Ази, Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт (АСЕМ)-ын хүрээнд Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг Улаанбаатар хотноо 2016 оны 04 дүгээр сарын 21-нээс 23-ны өдрүүдэд зохион байгуулав.
 
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын даргын 28 тоот захирамжийг үндэслэн Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах ажлын бэлтгэл хангах үүрэг бүхий Үндэсний хороо өнөөдөр /2016.04.29/ Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан энэхүү 9 дүгээр уулзалтын зохион байгуулалтын талаар хуралдаж, үр дүнг танилцууллаа.
 
Үр дүнгийн талаарх танилцуулгыг Үндэсний хорооны дарга, Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж хийсэн юм.
Тэрээр,
Парламентын түншлэлийн 9-р уулзалтад 32 орон  болон Европын парламентаас нийт 156 төлөөлөгч оролцлоо. Уулзалтын үеэр Энэтхэгийн парламентын Доод танхимын дарга Сумитра Махажан, Италийн Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо нар албан ёсны айлчлал хийв.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын дэд дарга нар болон Улсын Их Хурлын зарим гишүүдтэй нийт 41 хоёр талын уулзалт хийгдсэн. Уулзалтуудын үеэр парламент хоорондын харилцааг улам өргөжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг гүнзгийрүүлж, хоёр талын болон олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллах зэрэг асуудлуудыг ярилцав. 
2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Бэлтгэл хурал болон Төслийн хорооны хурал болж, салбар хуралдааныг даргалагчдаа тохирч, уулзалтаас гарах Тунхаглалын төслийг хэлэлцсэн. Уг хурлуудыг Улсын Их Хурлын гишүүн С.Оюун амжилттай даргалж явуулсан.
2016 оны 04 сарын 22-ны өдөр Нэгдсэн хуралдаан болон хоёр салбар хуралдаан хуралдсан:
- Нэгдүгээр салбар хуралдааныг УИХ-ын гишүүн С.Оюун, Польшийн Парламентын дэд дарга нар хамтран даргалсан.
- Хоёрдугаар салбар хуралдааныг УИХ-ын гишүүн Н.Энхболд, Унгарын Парламентын дэд дарга нар хамтран даргалсан.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Л.Болд, Г.Батхүү, Д.Тэрбишдагва нар илтгэл тавьсан. Мөн 2-р салбар хуралдааны илтгэгчээр УИХ-ын гишүүн М.Батчимэг ажиллаж, тайлангаа нэгдсэн хуралдаанд танилцуулсан.
Уулзалтын төгсөглд 3 бүлэг, 44 заалт бүхий Тунхаглал батлагдсан.
Уг Тунхаглалд терроризмтай тэмцэх, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлж, илрүүлэх,  Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах, Зургаан талт яриа хэлэлцээг  үр нөлөөтэйгээр сэргээх, Зүүн Хойд Ази дахь энх тайван, аюулгүй байдал, хамтын ажиллагааны санаачлагууд, Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачлагын чухал ач холбогдол, дэлхий нийтийг хамарсан өнөөгийн болон шинээр гарч буй сорилтуудыг олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээний дагуу үр дүнтэй шийдвэрлэхэд олон талт үйл ажиллагаа болон олон улсын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх,  энх тайван, далайн тээврийн намжмал, тогтвортой, аюулгүй байдлыг хангах, задгай тэнгис болон харалдаа агаарын орон зайд чөлөөтэй болон аюулгүй зорчих, дүрвэгсэд болон цагаачдын асуудал, шударга, эрх тэгш, ардчилсан болон нээлттэй нийгмийг бэхжүүлэхэд хүний эрх, эрх чөлөөг сахин дээдлэх, авлигатай тэмцэх, хоёр бүс нутгийн хооронд бараа, үйлчилгээ, хөрөнгийн чөлөөт урсгалыг нэмэгдүүлэх, ард иргэдийн хэлхээ холбоог бэхжүүлэх, соёл, боловсрол, шинжлэх ухаан, технологи, эрдэм шинжилгээний чиглэлийн болон залуучуудын солилцоог идэвхжүүлэх, харилцан ашигтай технологи дамжуулахыг хөхиүлэх дэмжих зэрэг олон чухал асуудлуудыг хоёр тивийн парламентын гишүүд харилцан зөвшилцөж тусгасан байна хэмээн танилцуулав.
Ийнхүү Үндэсний хорооны дарга, Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг амжилттай зохион байгуулахад хүчин чармайлт гаргаж ажилласан Үндэсний хорооны гишүүд болох УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, ялангуяа, УИХ-ын гишүүн С.Оюун, Н.Энхболд, Гадаад хэргийн яам, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэс болон холбогдох бүх байгууллагуудын удирдлага, хамт олонд талархал илэрхийлье гэлээ.
Үндэсний хорооны хуралд Үндэсний хорооны гишүүд болох УИХ-ын гишүүн Г.Батхүү, УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн Н.Энхболд мөн энэхүү 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, АСЕМ-ын Ахлах албан тушаалтан, Бэлтгэл ажлын албаны орлогч дарга Л.Оргил, Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг болон бусад албаны хүмүүс оролцлоо.
АСЕМ-ын дээд түвшний XI уулзалтын хүрээнд зохион байгуулагдах хамгийн эхний арга хэмжээ болох Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт нь тухайн орны парламент байрладаг ордонд зохион байгуулагддаг уламжлалтай. Энэ дагуу Төрийн ордонд энэ сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэ удаагийн АСЕМ-ын дээд түвшний уулзалт 20 дахь жилдээ зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой. Иймд энэ ойг тохиолдуулан парламентын түншлэл энэ уулзалтад ямар үүрэг гүйцэтгэдэг талаар ярилцахаар Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтыг “Ази, Европын парламентын түншлэлийн АСЕМ дахь үүрэг” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан юм.
Дараагийн хурал 2016 оны 05 сарын 12-13-нд АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт бол ирэх зургадугаар сард АСЕМ-ын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалт, Ази, Европын хүнсний аюулгүй байдал, фермерийн сургалт болно. Харин долдугаар сард Ази-Европын иргэний 11 дүгээр чуулга уулзалт, АСЕМ-ын Загвар чуулган, Редакторуудын дугуй ширээний 8 дугаар уулзалт, АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, Ази, Европын Бизнесийн 15 дугаар чуулга уулзалт тус тус болох юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.