sonin.mn
Сурган хүмүүжүүлэх ухааны доктор, профессор С.Дамба багшийг таних хүн цэргийн салбарт ч цөөнгүй. Түүний аав Ө.Санжаажав Хатанбаатар С.Магсаржавын цэргийн агтчинаар томилогдож, харийн булаан эзлэгчдээс эх орноо хамгаалахын төлөө тэмцэж явсан бол С.Дамба багшийн хүү Д.Жаргалсайхан 1980-аад онд хуучнаар ЗХУ-д Цэргийн сургуульд суралцаж, өнөөгийн Зэвсэгт хүчний хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж явсан бэлтгэл офицер. “Манайх цэргийн удамтай” хэмээн бахархан ярих С.Дамба багштай хөөрөлдсөн түүхээс уншигч олондоо толилуулж байна.
 
Та аль нутаг, хошууны хүн бэ гэдгээс ярилцлагаа эхлэх үү?
 
-Тэгэлгүй яахав. Хүний төрж өссөн нутаг, ус гэдэг чинь сэтгэл зүрхэнд ямагт уяатай явдаг, хамгийн нандин дурсамж байдаг юм шүү дээ. Хуучнаар Засагт хан аймгийн Эрдэнэ бэйсийн хошуу буюу одоогийн Ховд аймгийн Дарви сумын нутгийн хүндээ би. Улсдаа нэр хүндтэй цэргийн сонинд би өөрийн тухай бус аавынхаа тухай л ярих гэсэн юм.
 
За тэгвэл аавынхаа тухай хуучлаад байж дээ?
 
-Миний аав Өлзийн Санжаажав 1893 онд төрж, одоогоос 59 жилийн тэртээ буюу 1957 онд 64 насыг элээгээд тэнгэрт хальсан юм. Аав маань бага наснаасаа адуу малтай ноцолдож өссөний учир адуунд эртэй сайн болж, ялангуяа эмнэг сургахдаа нутаг хошуундаа алдаршсан хүн байсан даа. Тэгээд ч манай удмынхныг “Алаг адуутынхан” гэдэг нь цаанаа бол учиртай байх. Манайх хүрэн алаг голдуу адуутай, хурдан удмын морьд ч цөөнгүй байсныг мэдэх юм. 
 
Аливаа ажилд хөнгөн шалмаг, морь малд сайн, дөнгөж 18 настай байсан аавыг Хатанбаатар С.Магсаржав агтчинаараа авсан нь чухамдаа адуунд гарамгай сайн, ааш зангаараа дөлгөөн түвшин байсантай нь холбоотой болов уу гэж боддог юм. Ингэж 1912 оны Ховдыг чөлөөлөх дайнд цэргийн агтчинаар Хатанбаатарын шадар цэргээр явсан нь хэр баргийн аавын хүүд олдохгүй хувь тавилан гэж сүсэглэдэг юм даа. 
 
Тэр ч байтугай Хатанбаатарын цэрэгтэй хамт явсан Жалханз хутагтыг тэмээнд суулган Ховд голыг гаталгаж байсан сонин түүхтэй хүн гэдгийг нь ч тодотгомоор байна. Тийн явж байхдаа Хатанбаатар С.Магсаржав, Жалханз хутагт нар “Мянгадын хөх хөтөл” гэдэг газар очоод бүх цэргүүддээ адис өгч байсныг аав маань дурсан ярьдагсан.
 
Мэдээж, өөр сонин дурсамжууд байгаа даа?
 
-Хатанбаатар Магсаржав Ховдыг чөлөөлсний дараа цэргүүдийнхээ хур дэлтэй морьдын дэлийг ташуураараа сөхөхөд хятадын пүүсүүдээс авсан урт, богино олон соруулыг мориныхоо дэлэн дотор нуусан байсныг илрүүлж, заримд нь шийтгэл оногдуулж байжээ. Манай ааваас нэг хуруу хэртэй жижигхэн соруул гарахад нь яагаад ч юм бэ, ямар нэг зэм, шийтгэл гэлгүй, бүр хоёр төө хэртэй цагаан соруул өгсөн гэдэг. Аав хожмоо тэр соруулаа нутгийн ард Дашийн Намжил гэдэг хүнд есөн адуугаар амьдралын эрхээр зарсан ч удалгүй гээчихсэн юм билээ. 
 
Тэрээр олсон хүнд өндөр шан өгнө гэж амлан, нутгийн хүмүүсээр хайлгасан боловч олдоогүй. Аавын маань тэнгэр хальсан 1957 онд тэр соруулыг гээсэн болохоор үр хүүхэд бид “Хувилгаан жанжны өгсөн бэлэг хэдийгээр хүний гарт очсон ч уг бэлгийг хувилгаанаас гардан авсан эзэн нь өөд болоход хойноос нь оджээ” хэмээн сэтгэлдээ сүсэглэсээр өнөөдриин өдрииг хүрч байна даа.
 
Арван жилийн дараа Хатанбаатартай аав чинь дахин уулзсан гэл үү?
 
-Тийм ээ. Хатанбаатар С.Магсаржав 1921 онд Д.Сүхбаатар жанжны тушаалаар баруун аймгуудыг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх тулалдааныг удирдаж явахдаа аавтай дахин таарч, цэрэг, даргын ёсоор тэврэлдэн уулзаж, баяр хөөр болж байсан гэдэг.
 
Таны аав мэдээж ардын хувьсгалын партизан байх даа?
 
-Монгол Улсын сэргэн мандлын хоёр хувьсгалд оролцсон аав маань Ардын хувьсгалын партизан гэдгээ батлахаар Ховд аймгийн партизан Н.Дашзэвэг, Говь-Алтай аймгийн партизан Ж.Дамиран, Я.Дэндэв нарын тодорхойлолтыг өвөртлөн 64 насандаа 1957 онд Ю.Цэдэнбал, Ж.Самбуу дарга нартай уулзахаар зорьсон ч уулзаж амжилгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэнд үр хүүхэд бид одоо ч харамссаар байдаг. Хэдийгээр “Ардын хувьсгалын партизан” гэдэг эрхэм алдрыг төр, засгаасаа албан ёсоор хүртэж амжаагүй ч нутаг ус, олон түмэндээ дуурсагдах алдар хүнд, домог түүх нь мөнхрөн үлдсэнд баяртай байдаг юм.
 
Ингэхэд та эцэг, эхээсээ хэдүүлээ вэ? Таны хүү цэргийн хүн байсан гэсэн үү?
 
-Миний аав ДэлгэриинТэнцэн гэгч бүсгүйтэй гэрлэж, 3 охин, 2 хүүгийн аав, ээж болж, бүгдийг нь эрдэм боловсролтой болгосон. Бидний дундаас сум, нэгдпийн дарга, соёл урлагийн ажилтан, офицер, багш, барилгын инженер, малчин зэрэг нийгмийн бүх салбарт ажиллагсад төрөн гарсан. Тухайлбал, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Дамбадаржаа, ОХУ-д Төмөр замын Дээд сургууль дүүргэсэн, төмөр замын инженер Д.Бямбадорж нар миний том эгчийн хүүхдүүд байгаа юм. 
 
Миний хувьд Худалдааны техникум, УБДС-ийг дүүргэж, цөөнгүй жил багшилсан. Мөн 2006-2010 онд АНУ-ын Вашингтон хотод байдаг америк, монголын сургуульд Монгол Улсын үндэсний түүхийн талаар хичээл заасан. 1996 онд “Монгол Улсын түүх заах арга зүйн” сэдвээр Сурган хүмүүжүүлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. 1997 онд Чингис хааны нэрэмжит ОУИЗИС-ийн профессор цол хүртсэн. Дашрамд дурдахад миний төрсөн ах С.Хаянгарав хуучнаар ЗХУ-д Барилга механизмын дээд сургууль дүүргэж, Хангамжийн хороонд цөөнгүй жил мэргэжилтнээр ажиллаж байгаад гадаадад сурдаг оюутнуудын орчуулагч багшаар олон жил ажилласан. 
 
Аавын маань гурав дахь үе болох миний хүү Д.Жаргалсайхан 1980 онд ОХУ-ын Вольск хотын Цэргийн ар талын дээд сургуулийг Онц дүнтэй дүүргэж, Зэвсэгт хүчний 120, 326 зэрэг ангиудад нэр төртэй ажиллаж байгаад хувийн хэвшилд шилжин ажилласан.
 
Одоо АНУ-д чамгүй амжилттай ажиллаж, улс орныхоо нэрийг өндөрт өргөж, монгол офицерын ур чадварыг харуулж байгаад баяртай байдаг юм. Хамт сургууль дүүргэсэн нөхдөөс нь М.Жаргал нарын генерал, хурандаа нар төрснийг бахархан хэлэх ёстой. Мөн миний хүү Д.Жаргалсүрэн ОХУ-д барилгын мэргэжлээр сургууль дүүргэж, цэргийн алба хаасанд бид бүхэн баяртай байдаг юм.
 
Дэд хурандаа Г.Баатарнум
Эх сурвалж: "Соёмбо" сонин