sonin.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгээс ирүүлсэн албан бичгийг уншиж сонсгов. Уг албан бичигт Н.Батцэрэгийн бүлгийн даргаас чөлөөлөгдөх хүсэлтийг бүлгийн өнөөдрийн хуралдаанаар авч хэлэлцээд, түүний оронд УИХ-ын гишүүн О.Баасанхүүг томилсон тухай асуудлыг тусгасан байна. 
УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж "Шударга ёс" бүлгийн даргаар томилогдсон явдалд УИХ-ын гишүүн О.Баасанхүүд баяр хүргээд цэцийн дүгнэлттэй холбогдуулж авсан завсарлагын хугацаа өндөрлөсөн эсэхийг лавлав. УИХ-ын гишүүн О.Баасанхүү бүлгийн даргын хувиар, "Бүлэг өнөөдөр хуралдлаа. 8 гишүүнээс нэг нь гадаадад томилолттой яваа тул 7 гишүүн хуралд оролцсон. Хурлаар бүлгийн даргын томилгоо болон цэцийн дүгнэлт гэсэн хоёр асуудлыг авч хэлэлцсэн ба цэцийн дүгнэлттэй холбоотой тус бүлгийн завсарлага үргэлжилж байна" гэсэн тайлбар өгөв.
Одоо Иргэний улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна.
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг