sonin.mn

ПХЕНЬЯН. /TASS/. Умард Солонгосын Дээд шүүхээс солонгос гаралтай Америкийн иргэн Ким Дон Чольд тагнуул хийсэн хэргээр 10 жил хорих ял оноожээ. Тэрбээр өнгөрсөн онд Умард Солонгост баривчлагдсан юм.

62 настай Америкийн иргэнийг Умард Солонгосын баруун хойд хэсэгт оршдог худалдаа-эдийн засгийн Расон бүсэд бизнес, буяны ажиллагаанд оролцохоор ирэх үед нь баривчилжээ. Тэрбээр Өмнөд Солонгосын тагнуулын албаны даалгавраар Умард Солонгост мэдээлэл цуглуулж, хүн амын сэтгэл санаа, хүнсний зах зээлийн байдлын талаар мэдээлэл дамжуулдаг байснаа хүлээсэн байна.

Ким Дон Чоль “Умард Солонгосын эсрэг аймшигтай гэмт хэрэг үйлдсэнээ хүлээж, уучлалт гуйн өөрт нь энэрэнгүй хандахыг хүсчээ”.

Прокурор түүнд илүү хатуу шийтгэл оноохыг шаардсан байна. Шүүх ял оноохдоо хэрэгтний гэм буруугаа үнэн сэтгэлээсээ хүлээснийг болон түүний өндөр настайг харгалзан үзжээ.

Ким Дон Чоль нь 19 нас хүртлээ Сөүлд амьдарч байгаад дараа нь АНУ-ын Виржини муж улсад дээд боловсрол эзэмшиж, Америкийн иргэн болсон байна.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг.