sonin.mn

Өнөөдөр Чингисийн талбайд МАХН, ИЗНН-ын гишүүн, дэмжигчид туг барин алхаж, тусгайлан зассан индэр дээрээс  ҮХЦ-ийн дунд суудлаас гаргасан дүгнэлтийг эсэргүүцсэн тайван жагсаал хийв.

Түүнээс холгүйхэн Хотын захиргааны байрны үүдэнд АН-ынхан ч туг барьцгаан зогсож байна. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга С.Бат-Үүл нар орон нутгийн сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө дэмжигчиддээ танилцуулж байгаа нь тэр аж. 

Өнгөрсөн баасан гаригт ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаар УИХ-аас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “... 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар ...” гэсэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэн, хүчингүй болгосон билээ. Энэ шийдвэрийг МАХН, ИЗНН “улстөржсөн дүгнэлт” гэж үзээд эсэргүүцэж байгаа юм. ҮХЦ  4 жилийн өмнө буюу 2012 онд яг дээрх асуудалд иргэн Н.Ариунболдын гомдлыг хүлээж аваад Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргаж байсан. Мөн л Сонгуулийн тухай хуульд тусгагдсан намын жагсаалтаар УИХ-д сонгогдох буюу пропорциональ тогтолцоо нь Үндсэн хууль зөрчсөн гэж энэ оны өнгөрөгч нэгдүгээр сард иргэн Г.Баярсайхан Цэцэд гомдол гаргахад хүлээж аваагүй. Гэтэл 2016 оны сонгууль болоход 60 хоног дутуу, сонгуулийн өдөр тулсан байхад ҮХЦ-ийн дунд суудал өмнө гаргасан шийдвэрээ үгүйсгэж, Монгол Улсын төрд халтай буруу шийдвэр гарсан гэж МАХН, ИЗНН хэлж байв. Өнгөрсөн 2012 оны сонгуулиар намын жагсаалтаар МАХН-аас 7 гишүүн, ИЗНН-аас 2 гишүүн УИХ-д суудалтай байгаа билээ. 

  

Ж.Батсайхан

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг