sonin.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, "Өмнөх тогтолцооны үед ийм хууль нууцад ордог байсан. Үүнээс хойшхи хоёр ч хуулинд гар бие оролцож байсан. Иргэний харьяатын хууль нь манай улсын эрх ашигт болон дэлхийн жишигт нийцсэн хууль байдаг. Одоогийн хуулинд давхар харьяалал үүсгэсэн иргэдэд тодорхой хугацаа зааж өгсөн заалт оруулж болохгүй юу" гэхэд ЕТГ-ын дарга П.Цагаан, "Нууцаар хэлэлцэх зарим асуудал бий. Анхны хуулийг 1995 онд хэлэлцсэн. Өнгөрсөн хугацаанд 4-5 удаа өөрчлөлт оруулсан ч өнөөгийн нийгмийн шаардлагыг бүрэн дүүрэн хангаж чадахгүй байна. Тодруулбал иргэнээ алддаг бус авч үлдэх бодлогыг тодорхойлсон эрх зүйн суурь зохицуулалтыг цаг алдалгүй хуульчлахгүй бол 1995 оноос өнөөг хүртэл хугацаанд давхар харьяалал үүсгэсэн 16 мянга орчим насанд хүрсэн иргэн, 6000 орчим хүүхдийн иргэний харьяаллын асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл үүсээд байна. Хугацаа заасан заалт оруулж өгөх нь наашаа гэж байгаа нэг монгол иргэнээ цааш нь түлхчих гээд байгаа юм. Ер нь аль болох монгол иргэдийнхээ иргэншлийг энэ хуулиар хадгалахад чиглэж байгаа" гэв.

УИХ-ын гишүүн А.Тлейхан, "Баян-Өлгийд иргэншлийн асуудал зарим талдаа хүнд байдаг. Ерээд оны эхээр Казахстан руу нэлээд иргэн гарч явсан. Энэ хүндрэлийг манай улс арилгах арга хэмжээ авсан ч асуудал байсаар байгаа тул үүнийг анхааралдаа авна уу. Баян-Өлгий аймгийн нэг хүүхэд 9 жил иргэншлийн асуудлаа хөөцөлдөөд бүтэхгүй байна. Хамгийн сүүлд УБЕГ-ын даргад хандсан ч одоо хүртэл шийдэгдээгүй. Иргэншлийн тал дээр ийм хүнд суртал өнөөдөр амьдрал дээр байсаар байна. Хуулиндаа хүнд сурталын асуудлыг хэрхэн тусгасан бэ. Иргэншлийн асуудлаар хандсан хүн 9 жил эсвэл 9 сар хөөцөлдөх үү" хэмээн асуухад ЕТГ-ын дарга П.Цагаан, "Баян-Өлгий аймгийн нийт 1739 иргэн дахиж иргэншлээ сэргээсэн байдаг. Таны ярьж буй энэ хүүхдийн тухайд тухайн хүүхдийн төрсний гэрчилгээг өөр хүн ашиглаад Казахстанд иргэншил авчихсан юм билээ. Иргэнээс орно гарна гэдэг ажилд орж гарахтай адилгүй гэдгийг зөвөөр ойлгоорой" хэмээн тайлбарласан.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, "Монгол Улсын иргэний харьяаллаас гарсан иргэд цөөнгүй байна. Үүнийг зөвхөн гэр бүл болсон гэх шалтгаантай холбон тайлбарлаж болохгүй байх. Үүнийг судалсан судалгаа байна уу. Чадвартай олон хүн гадаадад ажиллаж байна. Тэдгээр хүмүүсээ бид алдаад байх уу. Тэгсэн хэрнээ гадны улсуудыг оруулж ирэх гээд байгааг юу гэж ойлгох вэ. Хоёрдугаарт, гадны иргэнд хөх үнэмлэх олгох нь. Хэдий хэмжээний хөрөнгө оруулсан хүнд уг үнэмлэхийг олгох вэ" гэсэн асуудлыг тодруулахад, 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, "Давхар харьяаллыг манай улс зөвшөөрөхгүй. Засгийн газар ямар хэмжээний хөрөнгө оруулсан хүнд хөх үнэмлэх олгохыг мэдэж зохицуулахаар хуулинд тусгасан. Мөнгөн дүн тавих нь өрөөсгөл. Инфляци болоод бусад нөлөөллөөс хамаарч мөнгөн дүн тавих боломжгүй" гэлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Өнөөдөр давхар харьяалалтай хэдэн иргэн ажиллаж амьдарч байна вэ" гэсэн асуултыг тавихад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, "Давхар харьяалалд 16 мянган хүн бүртгүүлсэн гэсэн судалгаа гарсан. Гадаадад төрсөн хүүхдүүдийн тоог нэмбэл 20-25 мянган хүн болж байна" гэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, "Иргэний харьяаллын тухай хууль нь Монгол Улсын тусгаар тогтнолтой холбоотой чухал хууль. Энэ хуульд их болгоомжтой хандах хэрэгтэй. Монгол Улсад чөлөөтэй орж гарах, удаан хугацаагаар амьдрах боломжийг хөх үнэмлэхтнүүдэд олгох юм бол удаан хугацааны визээс юугаар ялгаатай юм бэ. Визийн хугацаагаа 5 жил болгож сунгавал яасан юм бэ" гэсэн асуулт тавьсан. Үүнд ЕТГ-ын дарга П.Цагаан, "Энэ хууль нь гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэд, түүний үр хүүхэд Монгол Улсын иргэн байх эрхийг хадгалж байгаа хууль юм. Одоо бол манайд амьдарч ажиллаж байгаа иргэд ойр ойрхон гарч явдаг, сунгалт хийлгэдэг. Үүний оронд 5 жилээр хөх үнэмлэх авчихвал илүү хялбар болж байгаа юм. Энэ бол визний асуудал биш. Гурван асуудлыг давхар шийднэ. Нарийн мэргэжлийн хүмүүсийг монгол руу татах, гарвал үүсэл нэгтнүүдийн аялах жуулчлах эрхийг нээх, гадаадын хөрөнгө оруулалтыг наашлуулах гэсэн давхар агуулгатай юм" гэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, "Шашны виз яаж олгох вэ" гэхэд П.Цагаан дарга "Шашны визийг энэ хуулиар зохицуулахгүй" хэмээсэн. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “Эзэн Чингис хааны үеэс хөх гэрэгэг ашигладаг байсан. Одоо хөх үнэмлэхийг ашиглаж байгаа нь зөв. Давхар харьяалалтай иргэнийг төрд ажиллуулахгүй гэсэн заалтыг эргэж хараарай. Монголчууд дуртайдаа гадны харьяатыг авч байгаа юм биш. Амьдралын эрхээр гадны харьяат авч байгаа шүү" гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Энхболд тус хуулийг хэлэлцэх нь зүйтэй. Гэхдээ хаалттай хэлэлцэх ёстой гэсэн байр суурьтай байв. Хуралдааныг даргалагч шаардлагатай гэвэл асуудлыг хаалттай хэлэлцэх бололцоотой гэдгийг дуулгасан ба хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асуусны дараа санал хураалт явуулахад 81,8 хувь дэмжлээ.

Б.Туул

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг