sonin.mn

БНХАУ-ын ӨМӨЗО-д  Хятад-Монгол хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Засгийн газрын тэтгэлгээр ӨМӨЗО-ны Их сургуулийн Олон улс судлал харилцааны дээд сургуулийн магистрын ангид суралцаж байсан Б.Золбадрах энэ сарын 3-ны өдөр сургуулийнхаа дотуур байрандаа гэнэт толгой нь эргэн унаж эмнэлэгт хүргэгдсэн байна.

Тэр даруй ӨМӨЗО-ны Ардын эмнэлгийн хорооны эмч нар магистр Б.Золбадрахын биед шуурхай үзлэг оношлогоо хийхэд баруун тархины төв судлыг нь хаван цус харваж,  өвчний байдал нь нэн хүндрэлтэй, амь насанд нь аюултай нөхцөл үүссэн байжээ. ӨМӨЗО-ны Их сургуулийн ОУСХДС-ийн удирдлагууд болон гадаадын оюутан хариуцсан албаныхан Өвөр монголын эмнэлгийн хорооныхон харилцан хэлэлцээд оюутан Б.Золбадрахад шаардлагатай мэс ажилбарыг цаг алдалгүй хийв. Энэ сарын 4-ний өдрийн 14:00 цагаас эхэлсэн мэс ажилбар оройн 22:00 цагт дуусч, оюутны амийг аварсан гэх сайхан мэдээллийг ОУСХДС-ийн удирдлага, Хөх хотод суугаа  Монгол улсын Консулын  газрын ажилтнууд, оюутны ар гэрийнхэнд дуулгасан байна.

Хөх хотод суралцаж буй оюутан Б.Золбадрахын бие өдрөөс өдөрт улам бүр сайжирч, эмнэлгээс гарах болсон тухай мэдээллийг ӨМӨЗО-ны Хөх хотын Их сургуульд дээр Монгол улсаас  ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул  болон  Их сургуулийн орлогч захирал профессор  Эрхэмбаяр, Ардын эмнэлгийн хорооны мэдрэлийн  мэс заслын их эмч Сү Нин, эмчлэгч эмч Үрлээ, ОУСХД-ийн захирал  профессор Бадам-Одсэр болон түүний амь насыг аварсан эмч нар, Б.Золбадрахын төрсөн ах, Монгол улсын иргэн, зураач  Б.Золбаяр нар оролцсон хэвлэлийн хурлыг саяхан хийсэн байна. Тус хэвлэлийн хурлыг сурвалжлахаар ӨМӨЗО-ны "Одон" телевиз, "Өдрийн сонин", Дундад улсын сурган хүмүүжлийн сэтгүүл, радио хороо, "Тал нутгийн дуулал" зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудаас гадна Хөх хотод айлчлан “Хятад, Монголын шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны анхдугаар уулзалт ярилцлага”-д оролцож байсан Монгол улсын Хэвлэл мэдээллийн байгууллагын 20 гаруй сэтгүүлч оролцсон байна. Ах Б.Золбаяр нь төрсөн дүүгийнхээ амь насыг аварсан эмч нарт талархал илэрхийлэн "Хүндэтгэлийн туг" гардуулан өгсний дараа  хэвлэлийн хуралд оролцогчид   ӨМӨЗО-ны Ардын эмнэлэгт очин оюутан Б.Золбадрахыг эргэсэн байна.

Ж.Батсайхан

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг