sonin.mn

“Ирвэс хамгаалах сан” болон Өмнөговь аймгийн Гурвантэс сумын удирдлагаас Тост-Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үзэн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нарт Талархал, дурсгалын зүйл гардуулжээ.

УИХ-ын чуулганы энэ сарын 14-ний өдрийн хуралдаанаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь экологийн эмзэг, өвөрмөц орчин бүхий Тост-Тосонбумбын нурууг байгалийн нөөц газраар улсын хамгаалалтад авах талаар шийдвэрлэсэн "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" УИХ-ын тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолыг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл, С.Оюун, М.Батчимэг, Д.Сарангэрэл, С.Одонтуяа, Г.Уянга, Д.Бат-Эрдэнэ, С.Дэмбэрэл нарын 9 гишүүн санаачлан боловсруулсан юм. 

Тогтоолын төслийг батлуулахад хүчин чармайлт гаргаж, идэвхтэй ажилласан гишүүдэд “Ирвэс хамгаалах сан” болон Өмнөговь аймгийн Гурвантэс сумын удирдлага, иргэдээс гардуулсан Талархалд “Эрхэм Та Монгол төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурлаас гаргасан онц мэргэн шийдэлд өөрийн үзэл бодол, үйл ажиллагаагаар нөлөөлж, нутгийн иргэд, дэлхийн хэмжээнд ховордож буй цоохор ирвэс түүний ивээл доорх амьтан ургамлын амьдрах, ургах таатай орчин болж буй газар нутгийг хамгаалах үйлсэд идэвхийлэн манлайлж оролцсон учир энэхүү талархал, дурсамжийг хадгалуулав" гэжээ.

Н.Туяа

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг