sonin.mn

Хаврын адаг сард болдог Буддын шашны томоохон зан үйлийн нэг Майдар эргэх ёслолыг өнөөдөр Гандантэгчэнлин хийдэд болж  сүсэгтэн олон буян заяагаа даатгав.

Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц, “Энэ агуу их буяныг бүтээж байгаа олон сайхан хүмүүсийн буянд даган баясаж, та бүхэн урт настай, удаан жаргалтай, өвчин зовлонгүй байж, барцадгүй мэнд, эд таваар элбэг дэлбэг, үр хүүхэд нь өнөр өтгөн байхын хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөлийг дэвшүүлж байна” хэмээн сүсэгтэн олонд ерөөл айлдлаа.

Энэхүү зан үйл нь Майдар бурханыг замбуу тивд дахин ирэхийг бэлгэддэг ба Майдар бурханыг Будда бурханы дараагийн дүр буюу ирээдүй цагийн бурхан ч гэж үздэг байна.

Энэ үеэр сүсэгтэн хурсан номыг даган баясах, мөргөл гороо хийх, ном сонсч, сэтгэлдээ сайн сайхныг билэгдэн бодох учиртай хэмээн хийдийн лам нар хэлж байна.

Майдар бурхан бол энэрэл нигүүлсэл, эв нэгдэл, сэргэн мандалт, амар амгалан, хөгжил дэвшлийн бэлэг тэмдэг. Ирээдүйд залран ирэх сайн цагийн мянган Бурханы тав дахь бурхан болох Майдар бурханы шашинтай золгож, ном сонсох, бурханы залран ирэх цагийг наашлуулах билэгдлээр лам нар ном хурч, ногоон морин тэргүүнтэй, хорол дөрвөн дугуйтай тэргэн дээр дэвжээ сэнтий засаж залаад хүрээ хийдээ нар зөв тойрон дөрвөн зүгт нь үдлэн эргэдэг аж.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг