sonin.mn
 
Москва хотын дарга Сергей Собянин саяхан тус хотын Измайловын гоёлын цэцгийн нэгдэлд зочлов.
Түүний яриагаар, өнгө алаг гоёмсог цэцэгс нь том хотын нэрийн хуудас аль хэдийнэ болжээ. Учир нь гэвэл, тэр бүр  европын хотуудад ч оросын нийслэл шиг ийм олон тооны гоёмсог цэцэг үгүй гэнэ.
 
Сүүлийн жилүүдэд хотын “цэцгийн талбай” 870 мянган м / кв  байснаа  900 мянган метр квадрат болж  тэлжээ. Тэгвэл  удахгүй болох "Майн 1"-ний болон Ялалтын баяраар Оросын  нийслэл хотын гудамж талбайг 12 сая (!) зул цэцгээр чимэх аж. Үүний дараа шөнийн температур тогтворжиж ирэхэд хайтан, гали, мандарваа цэцгүүдийг хотын гудамж талбайд суулгах бөгөөд цэцэгс Москва хотыг зуны турш чимнэ.
 
Дашрамд хэлэхэд, энэ жилээс хотын цэцгийг нэгдсэн нэг нийлүүлэгч буюу төсвийн “Озеленение” байгууллага хариуцах болжээ. Хотын дарга Сергей Собянины яриагаар, сүүлийн жилүүдэд энэ байгууллага нилээд хүнд байдалд орж байжээ. Янз бүрийн шалтгааны улмаас эндхийн технологийн ажиллагаа зөрчигдөж байв. Түүнээс гадна элдэв зуучлагчдаас болж төсвийн мөнгө бүрэн хэмжээгээр байгууллагад очдоггүй байжээ.
 
Харин дээрх байдлыг өөрчилсний улмаас цэцгийн суулгацын үнэ гэхэд л 20 хувь хямд  тусчээ. Эдгээр болон бусад өөрчлөлтүүд нь тус үйлдвэрийн бүтээгдэхүүний чанарын баталгааг нэмэгдүүлэхэд ач тусаа өгч байна. Одооноос тус нэгдэлд Москва  орчмын 8 аж ахуй нэгдээд байна.
 
Москва хот. А.Огторгуймаа

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг