sonin.mn
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2016.04.28/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ. 
Хүн амын өсөлт, хотжилт, үйлдвэржилтийн нөлөөгөөр хог хаягдлын хэмжээ жилд дунджаар 500 мянган тонноор нэмэгдэхийн зэрэгцээ төрөл, бүтцийн хувьд ч өөрчлөгдөх болсон. Өсөн нэмэгдэж буй хог хаягдал, олон жилийн турш зайлуулагдаагүй аюултай хог хаягдлын улмаас хөрс, ус, агаар бохирдож, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Хог хаягдлын тухай хууль нь нийгэм, эдийн засаг, технологийн хурдацтай хөгжил, байгаль орчинд тавигдах шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байна. Улаанбаатар хотын нийт хог хаягдлын 5-10 хувь нь ил задгай хаягддаг тооцоолол бий. Үүний зэрэгцээ хуучин автотээврийн хэрэгсэл, сэлбэг, тос, тослох материал, дугуйг их хэмжээгээр импортолж байгаа болон цахим, цахилгаан хэрэгслийн хаягдал нь аюултай хог хаягдын хэмжээг жилээс жилд нэмэгдүүлж байна.
 
Цаашид хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булшлах үйл ажиллагаанд технологийн шинэчлэл хийх, аюултай хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах, хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах, дахин ашиглах, сэргээн ашиглах үйлдвэрлэлийг дэмжих, урамшуулах замаар хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж байгалийн нөөц, баялгийг хэмнэх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай хэмээн үзжээ. Тиймээс дээрх үндэслэл, шаардлагын дагуу 2012 онд батлагдсан Хог хаягдлын тухай хуульд тусгагдаагүй, нарийвчлан зохицуулах шаардлагатай зарчмын зарим өөрчлөлтийг оруулан энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан болохоо Улсын Их Хурлын даргад танилцууллаа. 
 
Хог хаягдлын цогц менежментийг бий болгон боломжит арга, технолги, байгальд ээлтэй практик нэвтрүүлэх, хог хаягдлын боловсролыг иргэдэд олгох замаар зөв дадал, ухамсрыг төлөвшүүлэх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж байгалийн нөөц баялгийг хэмнэх, дахин боловсруулах үйл ажиллагааг дэмжин булшлах хог хаягдлын хэмжээг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой уг хуулийн төсөл батлагдсанаар монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна хэмээн төсөл санаачлагч үзсэн байна. 
Мөн үйлдвэрлэгчид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортод гаргахад зуучлан борлуулагчидтай өрсөлдөхүйц нөхцөлийг бий болгох зорилгоор боловсруулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ үеэр өргөн мэдүүлсэн юм. Уг хуулийн төсөл батлагдсанаар үйлдвэрлэгчдэд татварын таатай орчин бий болж, шинэ техник, технологи, инноваци нэвтрүүлэх, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг ахиулах боломж бүрдэж, үйлдвэрлэл, экспорт, ажлын байр нэмэгдэж, нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ хэмээн үзсэн байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.