sonin.mn
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2016.04.28/ Киноны тухай болон Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа өргөн мэдүүлэв. 
Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс баримтлах соёлын бодлого”-д баримтат болон уран сайхны кино туурвих орчин нөхцлийг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Түүнчлэн Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт киноны салбарын үйл ажиллагаа, киноны эрх зүйн байдлыг хуульчлахаар заасан. 
 
Дээр дурдсан үндэслэл шаардлага болон Монгол киног дэлхийн зах зээлд гарган өрсөлдүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжиж хөгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, мөн киноны салбарыг зах зээл, эдийн засгийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлэх эрх зүйн орчинг бий болгох зорилгоор Киноны тухай хуулийн төслийг боловсруулсан болохоо Улсын Их Хурлын даргад танилцууллаа. 
 
Хуулийн төсөлд кино урлагийн салбарт хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлсэн дотоод, гадаадын байгууллага, хувь хүн, хөрөнгө оруулагчдад эдийн засаг, татварын таатай орчин, урамшууллын оновчтой механизмыг нэвтрүүлэх, Монгол Улсад кино үйлдвэрлэж байгаа гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад оруулсан хөрөнгийнх нь 40 хүртэлх хувийг урамшуулал хэлбэрээр буцаан олгох, кино бүтээх зориулалтын тусгай тоног төхөөрөмж, техник хэрэгслийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татварөөс чөлөөлөх, киноны салбарыг дэмжиж өгсөн хувь хүн, аж ахуйн нэгжийн хандив, хөрөнгийг орлогын албан татвараас чөлөөлөх зэргээр киноны салбарыг хөгжүүлэх, дэмжих эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх зохицуулалтыг тусгажээ. 
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хооронд “Туркийн олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын хөтөлбөр зохицуулалтын төлөөлөгчийн газар байгуулах тухай” хэлэлцээрийг хоёр орны нийгэм, эдийн засгийн хөгжилд туслалцаа үзүүлэх зорилгоор 2004 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр байгуулж, Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар соёрхон баталсан. 
 
БНТУ-ын Засгийн газрын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/ нь дэлхийн 50 гаруй оронд хөтөлбөр зохицуулалтын газраараа дамжуулан хөгжлийн албан ёсны тусламж үзүүлдэг бөгөөд Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулалтын газар нь дэд бүтэц, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, боловсрол шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагаа зэрэг салбарт нийт 400 гаруй төсөл, хөтөлбөрийг  30 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлээд байгаа аж. 2004 онд байгуулсан дээрх хэлэлцээрийн хүчинтэй хугацаа дуусч байгаатай холбогдуулан шинэчлэн байгуулсан “Хөгжлийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр” нь Турк Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, хоёр орны хамтын ажиллагааны гүүр болсон ТИКА-ийн  Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулалтын газрын эрх зүйн орчинг бүрдүүлэх үндсэн баримт бичиг болох юм.
 
“Хөгжлийн хамтын ажиллагааны тухай” хэлэлцээрт хамтын ажиллагааны хүрээ, тэргүүлэх салбар чиглэлийг нэмэгдүүлж, өмнөх хэлэлцээрт ерөнхий байдлаар тусгагдаж нэмэлт зохицуулалтын асуудал үүсдэг байсан зарим заалтыг харьцангуй тодорхой болгон шинэчилсэн байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.