sonin.mn
УИХ-ын болон Орон нутгийн сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр болон холбогдох бичиг баримтыг Сонгуулийн ерөнхий хороонд Монгол Ардын Намын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт зэрэг удирдах албаны хүмүүс өнөөдөр 10.00 цагт гардуулан өглөө.
 
Энэ удаагийн МАН-ын сонгуулийн ерөнхий менежерээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат ажиллахаар болж, 270 гаруй хүнтэй сонгуулийн штаб байгуулагдсан тухай МАН-ын дарга М.Энхболд дуулгасан юм. 2016 оны сонгууль өнөөдөр УИХ-д голлох байр суурь эзэлж буй гурван намын дунд явагдана.
 
Тодруулбал, эрх баригч Ардчилсан нам, сөрөг хүчин Монгол Ардын Нам, "шантаажчин" Монгол Ардын Хувьсгалт Нам гэсэн гурван намын дунд УИХ-ын сонгуулийн өрсөлдөөн өрнөнө гэсэн үг. Гэвч эрх баригч Ардчилсан нам, "шантаажчин" МАХН хоёр хамтарч дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсыг гавьтай хөгжүүлж чадаагүй хэрнээ гайд унагаж чадсан улстөрийн хүчнүүд. Тийм болохоор эх орон, тусгаар тогтнол, эрх мэдлийн эрэмбэ дараагаа мэддэг Монгол Ардын Намд түмэн олон итгэл үзүүлэх магадлал өндөр.
 
Энэ ч утгаараа МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд "Монгол Улсаа аврах бодлого боловсруулсан. Нийгмийн бүхий л давхаргад хүрэх бодлого боловсруулсан байгаа. Иргэдээ ядуурлаас аврах, эх орноо өрийн дарамтнаас хөнгөлөх, эдийн засагт бий болсон хямралт байдлыг арилгаж, төр засгийн дампуурлыг засах зорилгоо бид хамтдаа хэрэгжүүлнэ гэж зорьж байгаа юм" хэмээсэн.
 
Он гарснаас хойшхи улстөрийн намуудын судалгааг Монгол Ардын Нам тасралтгүй тэргүүлж буй. Эл судалгаа нэг их өөрчлөгдөхгүйгээр улстөрийн намууд сонгуультай золгох бололтой. Үүнээс үзвэл энэ удаагийн сонгуульд МАН илт давуу ялалт байгуулах магадлал өндөр. Хэлж байгаа үг, хийж байга үйлдлээрээ тэд ямар ч улстөрийн хүчнээс өнгөтэй байгаа нь сонгуульд ялах бас нэг шалтгаан болж байна.