sonin.mn
С.Зориг агсны эхнэр Б.Булган Төв аймагт хоригдох явцад эрх нь зөрчигдсөн эсэхэд Улсын ерөнхий прокурорын газраас шалгалт хийсэн юм. Шалгалтын явцад түүний эрх зөрчигдсөнийг тогтоожээ.
 
Энэ тухай УЕПГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийтийн ажил хариуцсан хяналтын прокурор Ц.Өлзийжаргал “УИХ-ын нэр бүхий гишүүд Б.Булганы бие засах газар нь үүдэндээ байдаг.  Энэ нь эмэгтэй хүний эрхэмсэг байдлыг алдагдуулж, залхаан цээрлүүлж байна гэж мэдэгдсэн. Тус хорих ангийн байр хуучных. Сантехникийн холболтоос шалтгаалж нийт 20 өрөөний найм нь үүдний хэсэгтээ бие засах өрөөтэй. Шалгалтын комиссын зүгээс ийм өрөөнүүдэд бие засах өрөөг тусгаарлах хаалт хийж зөрчлийг арилгасан. Мөн Б.Булган гаднаас ном хэвлэл, бичиг цаас авах боломжгүй байна гэсэн.
 
Түүнд гэрээс нь илгээмжээр ирсэн ном байсан. Харин цаас үзэг оруулаагүй нь шалгалтын явцад илэрч эрхийг нь хангаж өгсөн. Түүнээс гадна хорих өрөөний эсрэг талын цонхны нарны гэрлийг хааж хөшиг татсан байна гэж мэдэгдэлд дурдагдсан. Цонхны хөшгийг байнга хаалттай байсныг өөрийнх нь хүсэлтээр нээсэн. Шалгалтаар илэрсэн эдгээр зөрчил тус байрны албан тушаалтны зүгээс Хуульзүйн яамны сайдын тушаалаар баталсан Хорих байрны дотоод журмыг зөрчсөн. Тиймээс УЕПГ-аас зөрчлийг арилгах, ахиж гаргахгүй байх, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар шаардлага бичиж хүргүүлсэн” гэлээ.
 
Тэрээр үргэлжлүүлэн Б.Булганы өрөө бусдынхаас тод гэрэлтэй байдаг гэсэн УИХ-ын гишүүдийн мэдээллийг эсэргүүцэж үндэслэлгүй мэдээлэл гэв. Б.Булганыг 461 дүгээр ангийн эмнэлэгт нарийн мэргэжлийн шинжилгээнд хамруулахаар шилжүүлээд байгаа аж. Түүний биеийн байдал муудсан зүйл байхгүй гэлээ.
 
Б.Заяа
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин