sonin.mn
Өчигдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт Цагдаагийн ОНЦ ХҮНД гэмт хэрэгтэй тэмцэх газраас  тайлбар, байцаалт өгөхийг шаардсан  зарлан дуудах хуудсыг илгээсэн билээ. Хэрэв түүнийг заасан хугацаанд ирэхгүй бол албадан саатуулна гэсэн байсан юм. Тэгвэл үүнийгээ Улсын Мөрдөн Байцаах Газар тайлбарлажээ. Уг тайлбарт : "Улсын Ерөнхий Прокурорын Газраас  2016 оны 4 сарын 19-ны өдөр Улсын Мөрдөн Байцаах Газарт " Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг нь 2016 оны 4 сарын 04-ы өдөр Төрийн ордонд Хэвлэл Мэдээллийн Хэрэгслээр олон нийтэд хийсэн мэдээлэлд гэмт хэргийн шинжтэй асуудлууд тусгагдсан байх тул зохих журмын дагуу шалгаж шийдвэрлэх нь зүйтэй" гэсэн албан бичиг ирүүлсний дагуу Монгол Улсын Их Хурлын Гишүүн Н.Алтанхуягийг ямар нэгэн гэмт хэрэгт холбогдуулан шалгах бус, Төрийн ордонд хийсэн мэдээлэлтэй нь уг мэдээлэлд дурьдагдсан гэмт хэргийн шинжтэй асуудлыг тодруулж тайлбар авах зорилгоор зарлан дуудах хуудас хүргүүлсэн болно." гэжээ.
 Гэхдээ эх сурвалжуудын өгүүлж буйгаар мэдээж эхлээд тайлбар аваад улмаар сэжигтнээр тооцох нь гарцаагүй. Ингэхдээ Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг онц ноцтой хэрэгт гүтгэсэн байж мэднэ гэж үзэж буй бололтой. Н.Алтанхуяг 4 сарын 4-нд хамгийн гол нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  бол Монголд байгаа Ц.Элбэгдорж бол шударга бус бүлэглэлийн толгойлогч гэсэн агуулгатай мэдэгдэл хийсэн юм. Уг мэдэгдлийг дахин нийтэлж байна.
 
П.Мандах
 
 
 
 
Ц.Элбэгдорж бол шударга бус бүлэглэлийн толгойлогч 
 
 
 
 
Монголд шударга ёс алдагдаж, хуйвалдааны бүлэглэлүүдийн үйл ажиллагаа хэрээс хэтэрсэн” гэдгийг онцоллоо. Мөн цаашдаа ардчилал, шударга ёсыг хамгаалахын тулд хуйвалдааны бүлэглэлүүдийг илчлэхээс өөр аргагүй болсон гээд, нэр цохон хэлсэн юм.
 
Тэрбээр “Монголчууд маань хоёрхон сарын дараа сонголтоо хийх гэж байгаа. Маргааш УИХ-ын хаврын чуулган эхэлнэ. Ийм хариуцлагатай цаг үед би ард түмэндээ тодорхой зүйлсийг анхааруулж мэдэгдэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрээд байгаа юм. 
 
Өнгөрсөн хавар, намрын чуулганаар би Монголын төр үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадаж байгаа юу, УИХ-ын бие даасан байдал бодитоор байна уу үгүй юу, ер нь Монголын төрийг хэн удирдаж байна вэ гэсэн асуудлаар хаалттай хуралдаан хийж, нэг сайн ярилцаад асуудлуудаа шийдье гэж хүсэлт тавьсан боловч харамсалтай нь саналыг маань хүлээж авсангүй. 
 
Тийм учраас хаалттай чуулганаар хэлэх байсан зарим зүйлээ нээлттэй хэлэхээс өөр аргагүй боллоо.   Удахгүй болох сонгуулиар хэрэг зохиож хүний хувь тавилангаар тоглодог хуйвалдагчид маань хэрээс хэтэрч, зохиомол магадгүй тоглоомын УИХ-ыг бий болгох хуйвалдааны нөхцөл өнөөдөр  бүрдчихээд байна. Өнөөгийн эдийн засгийн хямралт байдлын уг сурвалж нь шударга ёсны хямрал юм.
 
Өнөөдөр Монголын төрд шударга ёсны хямрал нүүрлэсэн. Монголын төр хүчгүйдэж, Монголын төр сульдаж байгаа мэтээр харагдуулснаар цаад талд нь хуйвалдааны төр улам бүр хүчирхэгжээд байгаа. Эх орноо гэх сэтгэлгүй, ханаж цаддаггүй шуналтай хүмүүс төрийн эрх мэдлийг хувийнхаа явцуу зорилгодоо увайгүй ашиглаж Монгол хүн Монголдоо сайхан амьдрах хүслийг нугачин дарж Засгийн газрыг хүртэл огцруулж, төрөө хутган үймүүлж баялаг бүтээгчдээ айдас хүйдэст автуулж, хуулийн нэрээр шоронгоор далайлгаж, айлгаж, мөнгийг нь бизнесийг нь, лицензийг нь ил тод дээрэмдэж байна.
 
Төрийнхөө төлөө ажиллаж байгаа төрийн албан хаагч хүртэл хэрэгтэн болж нэр хүнд, хувь тавилангаараа хохирч байна.Ардчилсан намын хийсэн бүтээсэн бүхнийг харлуулж, энэ нам дотроо хагаралдаж байдаг гэдэг ойлголтыг зориуд зохион байгуулсаар байна.  
 
Хуйвалдааны төр бүлэглэл үүсгэж, хууль хяналтын байгууллагыг бохир зорилгодоо ашигладаг цөөхөн хүн бүхий хонгилыг хууль хяналтын байгууллага үүсгэсэн.
Тэд таалагдаагүй, барьцаалах боломжгүй, золиослох шаардлагатай хүмүүсээ энэ хонгилоороо ямар ч шударга ёсны хэмжүүр байхгүй зохиомол хэрэг бүхий ялтан, хэрэгтэн болгож чадаж байна. 
 
Тэд ашиглах гэсэн зарим хүмүүсийн шийдвэр гаргах эрхийг нь сүрдүүлэн, сейфэнд хийгээд барьцаалчихдаг болсон. Энэ хуйвалдагчид Монгол Улсын тусгаар тогтнолд аюул занал учруулах бүхий эрх мэдэлтэй болж хүссэн шийдвэрээ зоргоороо гаргадаг боллоо. Үүний нэг жишээ бол Шинэчлэлийн Засгийн газрыг хуйвалдан огцруулж , Засгийг хууль бусаар авснаас харагдаж байгаа юм.
 
 
Энэ хуйвалдагчид ард иргэдийн амьдралд хэрэгтэй бүтээн байгуулалтын ажлуудыг гацааж, иргэдийнхээ төлөө ажилласан хүнийг ялтан болгож, иргэдийг өрөөр айлгаж, дуулиан шуугиан үүсгэж, хооронд нь талцуулан хагаралдуулж, санаатайгаар бүх зүйлсийг эмх замбараагүй байдалд оруулж, эх толгой нь мэдэгдэхгүй болж байна.
 
Монголын ард түмний баялгийг хуйвалдан мөлжиж, хүчирхэгжсэн бүлэглэл Монгол Улсыг маань хувааж эзэмших уйваагүй оролдлого хийж байгаад битгий давар гэж хэлэх цаг болжээ. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэдэг ардын зүйр үг бий. 
 
Энэ бүхнийг удирдан зохион байгуулж байгаа хүмүүсийн нэгийг өнөөдөр нэр цохон хэлэхээс өөр аргагүй боллоо. Хэдийгээр хүн бүхэн мэдэж байгаа ч хэн ч тэр хүнийг зориглон нэрлэж чаддаггүй. Яагаад гэвэл тэр хүмүүсийн байгуулсан шударга бусын хонгилоос айдаг.  Тэр хүн бол “Шударга байцгаая”  гэж гарч ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж" гэлээ.
 
Тэрбээр цааш нь "Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүнтэй үгсэн хуйвалдагч төрөөс төрсөн тэрбумтны бүлэглэл энэ мэдэгдлийн араас ашиг хонжоогоо хувааж чадахгүй байгаа найзуудтайгаа намайг хамаатуулаад, "Авлигатай тэмцэх ч амаргүй ажил юм аа. Авлигатай тэмцэх амин ажилд маань саад учруулж байна" гэх мэтээр ард түмнээсээ тусламж хүсч жүжиглэнэ гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.  
 
Миний өнөөдрийн мэдэгдэл миний амь нас, ойр дотныхонд маань хэдий аюултай ч гэсэн айх зүйл алга аа. Өөртэй нь үгсэн хуйвалддаггүй, өөрийнх нь бүлэглэлд ордоггүй. Тийм учраас над руу ирж байсан асар их гүтгэлэг, доромжлол, нухчин дарах ажиллагаа өнөөдрөөс бүр илүү идэвхжих нь тодорхой. 
 
Ардчиллаа хамгаалж үлдэх цаг ирсэн.  Ард түмэн айдас, талцлаасаа хагацах цаг болсон. Авлигачид худлаа ярьж, нөхдөө хорьж, намаа бутаргаж, улсаа түйвээдэг цаг дууссан. 
 
Монголын заяа их юм. Монгол хүний ухаан уужим, хараа хол. Үеийн үед юугаа ч зориулахад бэлэн эх орончид байдаг учраас Монгол оршдог. Цаашид ч Монгол оршино. Үүрд оршин тогтнох болно. Шударга ёсны төлөөх тэмцэлд Ардчилсан намын гишүүд дэмжигчид, ард түмнээ уриалж байна. Шударга ёсыг жинхэнээр нь тогтоохын тулд би эцсээ хүртэл тэмцэнэ.
 
Бидний Монгол үүрд бадраг.
 
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг