sonin.mn

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 2 дугаар сарын 08-нд болсон  ээлжит хуралданаар Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төслийн 9 талбарыг баталлаа.

“Газар шинэчлэн зохион байгуулах” гэдэг нь  иргэн болон аж ахуйн нэгжүүд өөрийн өмчлөлийн газраас инженерийн болон нийгмийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтад шаардлагатай газрыг хувь нийлүүлэн гаргаж орчин нөхцөлөө сайжруулах үйл ажиллагааг тэдний хүсэлт, оролцоо, шийдвэрт үндэслэн төсөл болгон хэрэгжүүлэхийг хэлдэг.

Яг ийм хэлбэрээр амьдрах орчноо сайжруулахыг хүссэн 34 000 гаруй иргэн Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн нэгжид хандан хүсэлт гаргасан байна.  Тэдгээрээс иргэдийн бүлэг, түр зөвлөлөө байгуулсан байршлуудад төслийг хэрэгжүүлэхээр сонгож иргэдийн оролцоотой хэсэгчилсэн төлөвлөгөөг боловсруулжээ.

Гэр хорооллыг инженерийн болон нийгмийн дэд бүтэцтэй амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх зорилго бүхий “Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам”-ыг НИТХ-ын 2015 оны 1 дүгээр сарын хуралдаанаар хэлэлцэн баталсан юм.

Журмын дагуу иргэдийн түр зөвлөл нь иргэн тус бүрээс санал авч тухайн нэгж талбартаа ямар хэлбэрийн төлөвлөлт хийхээ өөрсдөө шийдэж боловсруулдаг. НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаас  иргэдийн түр зөвлөлөө байгуулж, ажил нь амжилттай урагшилж байгаа 9 нэгж талбарыг хэлэлцэн баталлаа. 

Үүнд: Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо, “Эхлэл” Иргэдийн түр зөвлөл, Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо, “Оргил”, Баянгол дүүргийн 23-р хороо,”Шинэ шийдэл” Чингэлтэй дүүргийн 17-р хороо, “Ивээл”, Сүхбаатар дүүргийн 13-р хороо “Есөн-Эрдэнэ” Баянзүрх дүүргийн 27-р хороо “Дарь- Эх хотхон” Баянзүрх дүүргийн 19-р хороо “Цайз хотхон”, Хан-Уул дүүргийн 9-р хороо “Нарлаг Буянт-Ухаа”, Баянзүрх дүүрэг 13-р хороо “Газрын эзэн Баянзүрх” төслийн талбаруудыг тус тус батлав.

Эдгээр талбаруудын эхний бүтээн байгуулалтын ажлын 3 сард эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.