sonin.mn
Цагаан сар. Монгол түмний уламжлалт баяр цагаан сарын тухай бодол тэртээд үлдсэн бага залуу нас, Овгорын хар уулсын өвөлжөө, эмээтэй минь хамт сэтгэлд тод үлджээ.
 
Өвөлжөөндөө манайх ихэвчлэн Апиагийнхтайгаа айлсана. Апиа бол эмээгийн маань дүү. Тэдний Урмаа бид хоёр үе тэнгийнх. Аргалд, цасанд, тугалд, үхэрт юм юманд бид хоёр ханьсаж хөл хэрээтэй, хүзүү холбоотой юм шиг хэлхэлдэнэ.
 
Цагаан сар дөхөхөөр угаалга цэвэрлэгээ ихтэй, Урмаа бид хоёрын цасанд явах нь олширно. Олон дахин явахаасаа залхуурч тавин кг-ийн гурилын уутаар чихэж үүрнэ. Цас авах газар өвөлжөөнөөс холгүй, урд энгэрээд гараад л хунгарласан цаснаас өнгийг нь хуссан болоод үнсний хутгуур, эсвэл хүрзээр цасаа дөрвөлжлөн хагалж шуудайлна. Шуудайлсан цасыг нунтаглаж, чихэж, сэгсэрч хийх тусам хүндэрнэ. Хоёулаа шуудайгаа дүүргээд, үнсний хутгуураа шуудайтай цасныхаа гол руу зоочихоод шуудайнхаа гаднаас цохиж үүрэх газраа ором гаргана.
 
Цасаа үүрээд нэг л өндийчихвэл боллоо, заримдаа хэтэрхий чихсэнээс болж цасаа даахгүй босож чадахгүйд ч хүрнэ. Үе тэнгийн үхэр хонь жилтэнгүүд янз бүрийн юм ярьж, инээд ханиад болохороо заримдаа цасаа дааж өндийж чадахгүй. Заримдаа ч шулуухан яваад ирдэгсэн. Харин өндөр уулын уруу хүнд юм үүрээд буух тийм ч амаргүй. Хөл алдвал халтирна, унана. Хэтэрхий шунаж чихсэнээс болоод хүнддэж, өвдөг өөрийн мэдэлгүй нугарчих гээд хэд хэд амарч ирдэгсэн. Энэ хорвоогийн хамгийн цэвэр тунгалаг рашаан бол цасны ус гэж эмээ маань хэлдэг байсан юм. 
 
Ялангуяа, үс угаахад хачин сайхан өнгө ордогсон. Төв газрын орон сууцны цоргоны устай цасны усыг зүйрлэхийн аргагүй. Ямар ч үнэтэй, сайхан шамьпунаас миний нутгийн, миний өвөлжөөний цасны ус хавьгүй илүү гэдгийг одоо хэр нь би санагалздаг юм. Хүн байгалиасаа холдох тусам өөрөө ч мэдэлгүй гандаж гунддагийн хамгийн ойрын жишээ энэ байх аа.
 
Би гэдэг бага насандаа эмээдээ эрхэлж, сургуульд орох үеэс дотуур байр айл хунараар эрдэм сурч харин ахлах ангид орох үеэс л бага зэргийн ухаан сууж сургуулийн амралт, илүү цаг хугацаа гарах бүртээ эмээдээ туслах сэтгэл төрдөг болсон юм уу даа, одоо бодоход.  Цэгээ мэдэхгүй нисч байж цагаа болохоор унав зай гэж нэрт найрагч Мишигийн Цэдэнжав агсны шүлэглэсэн байдаг шиг сайн муу алагласан хорвоод ирчихээд нэг л их гэгээн омголон амьтан намхан жаахан эмээгийнхээ сүүдэрт хоргодож өссөн бага залуу насаа бодохоор надад сайхан санагддаг юм аа.
 
Миний эмээгийн сүслэн хүндэтгэж, ач холбогдол өгдөг ганц баяр нь цагаан сар. Өвөлжөөнийхөө хөх өтгөнд хамар нь халтартсан эмээгээ цагаан сардаа амсхийх чөлөөгүй бэлдэж, хөл хөөр болохыг мэдэх би эмээгээсээ дутуугүй цагаан сардаа бэлдэнэ. Эрвэн сэрвэн бартаатай Овгорын хар уулсын дундах манай өвөлжөө өглөөдөө нар хожуухан тусдаг ч, оройн нар тэртээд хөхрөх Алтайн уулсын магнайд шингэн шингэтлээ ээдэгсэн. Хэдий нар жаргахыг манай өвөлжөө хамгийн сүүлд үздэг ч өвлийн өдөр богино, дорхноо харанхуй болно.
 
Эмээ цагаан сар дөхмөгц нагац ах бид хоёрт мөн өөртөө заавал шинэ дээл хийнэ. Нас ахиж яваа эмээ маань оёж шидэх ажлаа нар хэвийхээс өмнө л амжуулахгүй бол хараа муутай. Нүдний шилээ хийсэн ч зарим бүрхэг өдөр оёдлын машиныхаа зүүг сүвлэж чадахгүй надаар туслуулна.
 
Дээлээ битүүлж, захаа залгачихаад эмээ алив углаад үз дээ гэж яаруулна. Харин би эмээгийнхээ хийж өгсөн дээлийг  “зах нь жоохон урт юм уу, ханцуй нь арай өргөн байна уу” гээд багахан өө хайж эмээгээ гомдооно. Уг нь миний эмээ нутаг усандаа алдартай уран хүн л дээ. Өө хайна гэдэг нь өөрийнхөө хэмжээнд л үнэлж, аашилж байгаа дураараа, гэнэн тэнэг араншин минь тэр. Хожим би энэ зангаа ухаарч одоо хүртэл өөрийгөө буруутгаж явдаг юм. Хэрэв тэрхэн үед би үүнийг ухаарсан бол ямар ч тохиолдолд “сайхан зохиж байна, баярлалаа” гээд инээд хөөр болж эмээгээ өөрөөсөө дутуугүй баярлахыг харахгүй юу. Даанч цаг хугацаа эргэшгүй хуультайдаа дэндүү хатуу.
 
Хөдөө газар одоотой адилгүй, угаалгын машин энэ тэр байх биш.Цасаа хайлаад угаасан юмаа уур цан савсуулсаар өвөлжөөний арын хар хадаар тохчихно. Харин орой хонь ирэхээс өмнө амжиж авахгүй бол ямаанууд яаж ч мэднэ. Угаасан хувцас хунар санаа дагаад ч тэр үү гаргаад оруулахад улам өнгө орох шиг надад санагддаг байсан юм. Дарайтал хөлдсөн нойтон хувцас халуун гэрт орохоор эхлээд гэсч, хөрний илчинд төд удалгүй хатна.
 
Харин чийгтэй дээр нь цогны индүүгээр дараад авбал сайхан болдог юм аа. Цагаан сараар золгохоор ирсэн ахан дүүс “... эднийх чинь сумын төвийн айлаас дутуугүй, юмаа индүүдчихэж...” гэж магтахад “охин минь л хийдэг юм” гэж эмээ намайг үнэлээд авна. Мэдээж би үүнд нь дуртай байлгүй яах вэ?
 
Тоос шороо гөвдөг өдрөөс хэдхэн өдрийн өмнө Агаа төвөөс ирж хавсай, бууз хийлцэнэ. Агаа ирэхдээ хавсай хийх гурил, элсэн чихэр, буузанд хийх сонгино зэргийг авчирахаас гадна таваг чимэглэх чихэр чимс, ёотон, үзэм, хүний гар цайлгах бэлэг сэлт авч ирэх нь содон сайхан, бас нандин. 
 
Хавсай хийхэд Урнаа бид хоёр гурил машиндана. Ах эгч нар нухаж, бэмбээлж, Агаа хэвэнд дарж, харин эмээ, нагац ах хоёр хайрна. Хэвэлж, нухаж, бэмбээлж байгаа ах эгч нартаа гүйцэгдэхгүйн тулд Урнаа бид хоёр чадлаараа хурдан машиндана. Хавсайны гурил машиндсаны маргааш мөр, дал хөндүүр болчихдогсон. Ингэж бид хөлс, хөдөлмөр, эв нэгдэл, сэтгэлээ шингээн байж хавсайгаа хийдэг байсан юм.
 
Билгийн тооллын хорин есөн. Энэ өдөр уламжлал ёсоор айл бүхэн тоос шороо, хир буртагаасаа бүрэн салдаг өдөр. Энэ өдөр хүн бүхэн завгүй. Би өглөөнөөс эхлэн тоос шороогоо гөвж, унь тооноо угаана. Эмээ энэ өдрийн үдээс хойш тосоо хольж,хайлмаг хийнэ. 
 
Эмээ, агаагийн авчирсан үзмээр чимсэн хусан шаргал өнгөтэй шар тос гүйлгэнэсэн хайлмагаа царан дээр тарааж хөлдөөнө. Ингэсэн хайлмагийг дараа нь зүсээд тавган дээр тавихад амар байдаг юм. Би унь тооноо угаангаа хайлмагны хусам шомбодно. Эмээ болохоор “хурцадна, дотроо авчихна гамбиртай хольж ид” гэнэ.
Унь тооноо угааж дуусаад би хөшгөө татна. Бөх барилдахаас өмнө Араажваар сайхан нэвтрүүлэг, дуу хөгжим явдагсан.
 
Нэг удаа лав “Хаврын шөнийн бодол” гэж 60, 70-аад оны сайхан дууны зохиомж явж билээ. “Энэ гоё дуу байгаа биз эмээ, би ийм дуучин болвол ямар вэ” гэж намайг хэлэхэд эмээ “энэ харин сайхан дуулж байнаа, зарим нэг дуучид чинь чичирч бүгээд байх юм билээ” гэж ирээд л бид хоёрын санаа яг нийлнэ. Чичирч бүгээд гэж бодвол эмээ маань дуурийн дуучдыг хэлсэн хэрэг байх аа. Хөдөөний хүн битгий хэл хотын болсон бид  дуурь үздэг, ойлгодог нь хэд билээ. Ингээд бодохоор эмээгийнхээ урлагийн үнэлэмжийг буруутгах аргагүй ээ, одоо.
 
Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж агсны шүлэг, СГЗ Бадарч агсны аялгууг нь бичсэн "Хаврын шөнийн бодол” хэмээх сайхан дууг МУГЖ Тунгалаг симфони найрал хөгжимтэй дуулж Монголын радиогийн фондод бичүүлсэн байдаг юм билээ. Сүүлд энэ дууг олон дуучид дуулсан ч дуулснаар минии сэтгэл зүрхэнд одоо ч хадаатай байдаг юм.
 
Харин битүүнд бөх барилдаад, дуу хуур их явахгүй ч ая дууны мэндчилгээ бөхийн барилдаан дундуур явна. Эмээ бид хоёр үүнийг ч бас алдалгүй сонсоно. Учир нь хотод байдаг эмээгийн хүүхдүүд, миний нагац ах, эгч нар эмээд болон бидэнд, нутгийн зон олондоо мэндчилгээ явуулдаг юм. Үүнийг нь сонссон эмээгийн царай гэрэлтэж, надаас нуугаад нулимсаа шудрахыг нь би харчихдаг байлаа. Тэрхэн үедээ эмээгээ өрөвдсөн ч би ч бас тэрүүхэндээ баяртай байлгүй яах вэ?
Ингээд битүүний үдэш гэхэд гэр орон цэвэр цэмцгэр, таваг идээгээ засчихсан, маргааш цагаан сар гэж бодохоор өөрийн эрхгүй сэтгэл хөдөлдөгсөн. Битүүний орой эмээ бид хоёр бэлгээ бэлдэнэ. 
 
Эмээ маань цагаан сарын бэлгэнд ихээхэн ач холбогдол өгч, эртнээс зэхнэ. Үүнд миний туслалцаа их. Эмээ надаас тэднийх чинь, нөгөө хэнийх хэдүүлээ ирэх билээ хүүхдийн тоо энэ тэрийг яс хэлүүлнэ, тэгээд бүгдэд нь бэлэг бэлдэнэ.
 
Миний эмээ шүтлэгтэй хүн. Цагаан сар битгий хэл хүний харилцаа, аливаа үйлдэл бүхэн аваа өгөөтэй байх ёстой гээд юм л бол “хүний гар цайлгана” гэнэ. Тийм болохоор цагаан сараар хүний бэлэг идэж болохгүй тэднийх тийм бэлэг өгсөн тэдний эхнэрт хоёр жил бэлэг өгөөгүй гэх зэргээр яг таг тооцож бэлгийн хариуг өгөхгүй бол “үхэхэд өр болно” гэнэ. Үүнийг би нэг их тоохгүй. 
 
Ер нь эмээгийнхээ амьдралд баримталдаг олон зарчмыг би тухайн үедээ сонсоод л өнгөрдөг байснаас эмээгээсээ хойш насан туршдаа амьдралын минь мөрдлөгө болно гэдгийг яахан ухаарах билээ.
 
Битүүнд миний ажил барагдахгүй ээ. Битүүний орой арай гэж ажлаа дуусгаад усанд орно. Хөр, аргалын илчинд халуу дүүгсэн бор гэртээ усанд орчихоод, эмээгийн авдараас гарч ирсэн шинэхэн дотуур хувцасыг өмсөөд нам унтах мөн ч сайхан даа.
 
Шинийн нэгний өглөө эмээ маань үүр цүүрээр босчихсон Лхам бурхандаа залбираад зогсож байдагсан. Ганцхан цагаан сарын энэ өглөө ч биш эмээ маань өглөө, орой бүр цай сүүнийхээ дээжийг өргөж залбирахдаа юу бодож, юу шивнэдгийг нь би заримдаа сонсчих гээд саваагүйтэн чагнадаг байж билээ. Төрийн сүлд, түмэн олныг номын сахиус аварч өршөө гэдэг үгийг нь тодоос тод санаж байна.
 
Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэж юутай үнэн үг вэ. Би томоо болж толгодыг нь даван одож, тоост хорвоогийн жамаар эмээ минь надаас холдсон ч эгэл бор гэртээ өнгөрүүлсэн эмээтэй, өвөлжөөтэй цагаан сар минь хамгийн сайхаан...
 
 
Б.Должинсүрэн (МҮОНРТ-ийн сэтгүүлч)