sonin.mn

БЭЭЖИН. /RIA Novosti/. Хятадын нийслэл Бээжин хотын төмөр замын буудлын орох хэсэгт аюулгүй байдлын албаны ажилтнуудын ажлыг хөнгөвчлөх зорилгоор зорчигчдын нүүр царайг автоматоор таньдаг технологи нэвтрүүллээ гэж тус улсын олон улсын радио /CRI/ мэдээлжээ.

 

Дээрх технологийг "Чуньюнь" гэдэг шинэ жилийн баярын үеэр турших гэж байгаа тухай мэдээлж байна. Зорчигчид төмөр замын буудал руу орохын тулд хувийн бичиг баримтаа өмнөө барин тусгай төхөөрөмжид заавал ойртож очиж ёстой. Уг систем нь зорчигчийн нүүр царайг бичиг баримтын хамт автоматоор бүртгэж шалгасны дараа зорчигч төмөр замын буудлын барилгад орж болох аж.

"Чуньюнь" баярын эхний 10 өдөр Хятадын тээврийн салбар 740 сая хүн тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 2.5 хувиар өссөн үзүүлэлт болох тухай Хятадын Тээврийн яам урьд нь мэдээлжээ.

Дэлхийн шилжилт хөдөлгөөний томоохон үзэгдэлд тооцогддог “Чуньюнь” энэ жил нэгдүгээр сарын 24-нд эхэлсэн бөгөөд гуравдугаар сарын 3 хүртэл үргэлжлэх аж.

Энэ жил Хятадын тээврийн салбар хамгийн олон буюу 2.91 тэрбум зорчигч тээвэрлэнэ гэж урьд нь тус улсын Хөгжил, шинэчлэлийн комисс мэдээлсэн байна. Энэ нь "Чуньюнь"-ий үеэр зорчигчдын урсгал 2.8 тэрбум байсан 2015 оныхтой харьцуулахад 3.6 хувиар өссөн үзүүлэлт юм.

Уламжлал ёсоор хаврын баяр буюу "Чуньзе", билгийн тооллоор шинэ жилийн баяр болохоос 14 өдрийн өмнө "Чуньюнь" эхэлдэг байна. Хятадууд энэ жил билгийн тооллоор шинэ жилээ хоёрдугаар сарын 8-нд шилжих шөнө угтана. Билгийн тооллоор бол 2016 он нь гал бичин жил аж. Хятадууд шинэ жилийн баяраа хоёрдугаар сарын 7-13-ны хооронд тэмдэглэнэ.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг