sonin.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд оролцож, УИХ-ын гишүүдийн асуултад хариулт өглөө.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: -Бид өмнө нь Ерөнхий сайдаас бүх төрлийн зээлийн хүүг сар шинийн өмнө бууруулах шаардлага тавьсан. Энэ асуудлыг Засгийн газар хэрхэн шийдвэрлэх гэж байна вэ?

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Засгийн газар хэрэглээний зээлийг дэмжихгүй, үйлдвэрлэлийг бий болгосон, ажлын байрыг нэмэгдүүлсэн зээлийг дэмжинэ. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар энэ хүрээнд тодорхой шийдвэр гарсан. Иймээс малчны үйлдвэрийн зээлийн хүүг бууруулах шийдвэрийг гаргаад байна.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: -Увс аймгийн өвөлжилтийн байдалд Засгийн газар онцгойлон анхаарч өгөөч гэсэн хүсэлт тавих гэсэн юм. Засгийн газар тодорхой асуудлуудыг шийдэж байгаа ч тухайн өрх айлд очиж буй дэмжлэг нь бага байгаад байгаа юм. Өвс тэжээл, малчдын эрүүл мэнд гэх мэт шийдвэрлэвэл зохих асуудлууд тус бүс нутагт гарч байна. Зудыг хохирол багатай давахад онцгой анхаарал хандуулж өгнө үү. Түүнчлэн Улсын сайн малчдын шагнал гардуулах ажиллагааг улстөржүүлэлгүй Засгийн газрын гишүүдийн хамт тойргоос сонгогдсон гишүүд нь орон нутагт хамт очих боломжийг олгож өгөөч?

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Засгийн газар өвөлжилтийн нөхцөл байдалтай уялдуулж яаралтай арга хэмжээ авч ажиллаж байгаа. Аймгуудад урьд онуудын өвсийг үнэгүйгээр, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэйгээр олгох ажлыг зохион байгууллаа. Нэмж 2015 оны шинэ өвсийг хуваарилах гэх зэрэг ажил дээр зохион байгуулалт хийж байна.

Сайн малчны шагналыг гардуулах ажиллагааг Сонгуулийн тухай хуультай хэрхэн нийцэж байгааг судалсан. Нам харгалзахгүйгээр Хүнс хөдөө аж ахуйн яамныхантай хамтарч зохион байгуулалтад орж ажиллаач ээ гэсэн хүсэлтийг миний бие та бүхэнд тавьж байна гэсэн юм.

Үүгээр Ерөнхий сайдын мэдээллийн цагт өндөрлөв.

Б.Туул

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг