sonin.mn

АН, ИЗНН нэгдэх санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Санамж бичигт АН-ын дарга З.Энхболд,  ИЗНН-ын дарга С.Оюун нар гарын үсэг зурсан ба  АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян болон намын гишүүдийн төлөөлөл оролцов.

Энэ үеэр АН-ын дарга З.Энхболд, "АН-аас ИЗНН-д нэгдэж ажиллах тухай саналыг тавьсан. Хоёр талаас гаргасан ажлын хэсгийн үр дүнд өнөөдөр санамж бичигт гарын үсэг зурж байна. АН, ИЗНН бол адилхан үзэл баримтлалтай, нэг байр суурьтай олон жил явж ирсэн. Улс төрийн намын тухай хуулийн 15.2-ын дагуу намын гишүүдээрээ хэлэлцүүлэг явуулах ёстой гэсэн тодорхой шаардлагууд бол бий. Тэдгээрийн эцэст намын их хурал хуралддаг. Бид өнөөдрөөс энэ үйл явцаа улс орон даяар эхлүүлж байна. Сонгуулийн өмнө энэ ажиллагаа дуусах ёстой" гэлээ.

Үүний дараа ИЗНН-ын дарга С.Оюун хэлсэн үгэндээ, "Манай намын гишүүдийн зүгээс шат шатны шийдвэр гаргалгүйгээр нэгдэхээр болж байгаа юм уу гэсэн асуултууд их ирж байгаа. Бидний хувьд шат шатандаа шийдвэрээ гаргана. Олонхиороо шийднэ. АН хоёр нам нэгдэх нь ардчилал, улсын эв нэгдэл, үндэсний эрх ашигт хэрэгтэй юм гэсэн саналыг би хувьдаа хүндэтгэн үзэж байна" гэв.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг