sonin.mn

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/.  НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн эрх чөлөөг хууль бусаар хасах асуудлаарх ажлын хэсгийн шийдвэрийн дараа ч Эквадорын Засгийн газар “WikiLeaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийг урьдын адил хамгаалалтдаа авахад бэлэн гэж Өмнөд Америкийн тус улсын Гадаад хэргийн сайд Рикардо Патиньо пүрэв гарагт мэдэгджээ.

“Бид түүнийг хамгаалалтдаа авсан, зохих шийдвэрийг гаргах болсон үндсэн шалтгаан өөрчлөгдөөгүй учраас мэдээж хэрэг энэ шийдвэр хүчинтэй хэвээр байна” гэж тэрбээр хэлсэн байна.

Патиньо мөн “WikiLeaks”-ийг үндэслэгчийн эрх чөлөөг Их Британи болон Шведийн эрх баригчид хууль бусаар хасч байна гэдгийг шинжээчид хүлээн зөвшөөрсөн бөгөөд Ассанж Их Британи дахь Эквадорын Элчин сайдын яамыг орхих боломжтой гэх мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзсан байна. НҮБ-ын төлөөлөгчид албан ёсоор мэдэгдэл хийхийг хүлээх хэрэгтэй гэж тэрбээр хэлжээ.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн эрх чөлөөг хууль бусаар хасах асуудлаарх ажлын хэсэг Ассанжийн хүсэлтийг нааштайгаар хэлэлцсэн тухай хэвлэлүүд пүрэв гарагт мэдээлсэн байна. Ассанж өнгөрсөн оны есдүгээр сард Их Британи, Шведийн эсрэг НҮБ-д гомдол гаргажээ. Энэ асуудлаар гаргасан шийдвэрийг баасан гарагт буюу өнөөдөр албан ёсоор мэдэгдэнэ.

Ажлын хэсгийн шийдвэр нь хуулийн дагуу үүрэг хүлээлгэх шийдвэр биш бөгөөд Их Британи болон Шведийн шүүх үйл ажиллагаанд албан ёсоор нөлөөлөхгүй байна. 

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг