sonin.mn
... Аав минь тэнгэрт халиад даруй найман жил болох нь ээ. Ээж минь харин өдөр болгон ажлаас болж их л оройтож ирэх хүүгийн минь хоолыг хутгаад өглөө цайны дээжээ өргөөд мэнд байж л байна. Би бол нийтийн хоолоор өөрийгөө болгочихдог.
 
Сурсан юм. Гэхдээ энэ миний хэлэх үг биш. Ааваас хойш ээжид минь хэцүү л байгаа. Бид асууж зүрхэлдэггүй. Харж байгаа. Ээжийг минь саатуулж, хань болж байгаа цорын ганц сэтгэлийн түшиг нь энэ хэдэн солонгос кино.
 
-“Ээж ээ та болиоч. Юунд энэ балай солонгос кино үзэж суудаг юм бэ дээ” гэж хэлэх зүрх үнэндээ хүрдэггүй. Хань болоод өдөртөө хажууд нь би өөрөө гангар гунгар гээд байж чадахгүйгээс хойш дэмий шүү дээ. Ээж минь цаг харж хүлээж байгаад л солонгос киногоо үздэг.
 
Тэр хэрээр гэрийн ажлаа ч алддаггүй. Монголын хамгийн сайн нь биш юм аа гэхэд тэрний дараа гээд хэлчихэд буруутахгүй кино зохиолч хань ижилтэй байсан хүн одоо солонгос кинонд сатаараад сууж байх. Манай улс кино хийдэг байсан. Одоо ч хийж байгаа. Мундаг, мундаг шагнал аваад л, авцгаагаад л хөгжиж байна гээд л ярьдаг, хуралддаг, найр цэнгэл хийдэг. Үндэсний олон ангит киногоо ч цувуулаад л байгаа, Монгол кино хөгжиж байна гээд л ярьсаар байна.
 
Гэтэл ээжийн минь үзэх кино байдаггүй. Олон зуун хөгшдийн сэтгэлээ өгч үзэх кино гарсангүй. Ээж минь "Үргээлэг", “Сингл Леди”, “Хуримын сюрприз”, “Хүүгүй ломбард", "Сексийн хувьсгал", "Татар ажиллагаа" зэрэг киног театрт очиж үзсэнгүй. Үзэх ч үгүй байх. За тэгэхлээр киног ямар үзэгчдэд зориулж хийдэг юм бэ. Кино гэж юу юм бэ гэсэн асуулт гарч ирнэ.
 
Монголын кино Холливуудад заавал шагнал авах болно. Тэрний төлөө ясаа цайтал зүтгэх учиртай гэж ярьж байгаа залуусыг буруутгах аргагүй ээ. Гэтэл дахиад л өнөөх зовлонтой бодол. Ер нь манай ээж шиг настнууд киноны үзэгч мөн үү, биш үү гэдэг асуудлыг Монголдоо ярьж,  шийдэх хэрэгтэй болж гэсэн асуулт гарч ирнэ.
 
Бодогдоно. Хань ижил нь насаараа кино зохиол бичиж, киногоор амьдарч, орон гэр үр хүүхдээ авч явсан хуучин социализмын үзэл сурталчин нөхөртэй байсан миний ээж хар, цагаан хуучин киногоо үзэхээр л заяагдсан хувь тохиолтой юм уу гэж хариу хэлэх ёстой юм болов уу, бүү мэд. Энэ мэт "тэнэг" асуулт зовооно. Жилд 50 орчим кино гарч байхад яагаад ээж минь болон үеийн хөгшчүүлд нь суугаад үзчих, үзээд юм бодчих, эргэцүүлчих, эсвэл баярлаад үзэх кино гардаггүйн бэ.
 
"Ворошиловын мэргэн буудагч" кино хааяа гарахад сонирхоод юм бодоод үзнэ. Сонин. Орчин үеийн Монгол кино ерөөсөө "Өргөө", "Тэнгис", "Соёмбо", "Гэгээнтэн" театрт билет авч үзэх хүмүүст зориулагдан хийдэг урлагийн шинэ төрлийн бүтээл юм болов уу. Бүх кино хийдэг хүмүүсийн бүтээл тэндээ оочерт багтахгүй гараад л гараад л... Үгүй тэгээд телевизээр бас олон ангит кинонууд ч зогсохгүй. Гэтэл өнөөх л солонгос киногоо үзсэн миний ээж шиг настнууд байгаад л байдаг.
 
Яамны ажлын тухай кино болохоор нь үзэхгүй байгаа юм болов уу. Би солонгос киног далд сурталчилж үүнийг бичсэнгүй. Аймаар байлдаантай юм хийхгүй бол одоо юм хийж байгаа залуучууд амьдралаараа шатчих гээд маш зовлонтой юм ярьж байна. Маш сайн байлдаантай, алаантай эсвэл алиа марзан кино хийж зарлагаа арайхийн барьж чадсан нь дотроо залбирчихсан явах. Орой ээжийгээ эргэж очих бүрт солонгос кино үзэж суугааг нь хараад “Чаддагсан бол ээждээ зориулж кино хийхсэн” гэж бодох ч ямар мөнгөөрөө хэзээ хийнэ билээ гээд санаа алдах.
 
Манай ээжийн насны олон мянган хөгшчүүл тоо бүртгэлээр Монгол Улсын иргэн гээд байж л байгаа.Тэд маань солонгос кинондоо л сатаарч суугаа гэж бодоход бид хөгжиж үү, хөгцөрч үү гэж бас давхар санаа алдана аа. Цагтаа нөхрийнхөө зохиолын анхны сонсогч, бүтээлийнх нь үзэгч болоод л баярлаж суусан ээж минь солонгос киноны л үзэгч болж дээ гэж. За хө ойрд ямар байлдаантай, хулгайчтай, нууц амрагтай кино гарах бол оо гэж... Энд хүүхдүүд бас үзэх юмгүй болсныг хэлсэнгүй шүү.
 
Соёлын Гавьяат Зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал