sonin.mn
1950 оны дунд үеэс Поп урлагийн зураг болон хөгжмийн төрөл баруунд үүсч эхэлжээ. Мэрилин Монрог зотон даавуун дээр хайш яайш буулгаж, алдарт Rock and roll хэмнэл улам энгийн болоход олон нийт дуртай байснаар дэлхийд поп одод төрсөн.
 
Харин өнөөдөр манайд урлагийн биш улс төрийн поп одод илүү алдартай болжээ. Гишүүн Г.Уянга энэ цаг үеийн Мэрилин Монро юм байх. Түүний хормой дор МАН нуугдаж, дотуур хувцсанд нь АН оршдог гэлцэх. Попын хаан нь С. Ганбаатар бөгөөд Эльвис Преслигийн хэмжээний рейтингтэй байгаад төрийн өндөрлөгүүд атаархсандаа диплом комби хийсэн нь нэр хүндийг нь улам өсгөсөн гэх.
 
Ерөнхий сайд   Ч.Сайханбилэг Г.Уянгад “Аавыг минь тайван байлга” гэчихсэн чинь олон нийт өрөвдөх биш харин өөрийн биш өрөөлийн аавуудыг бод хэмээн зэмлэв. Мэдлэг өндөр С.Баярцогт Оюутолгойн мэтгэлцээнд урьдаас сайтар бэлдэж С.Ганбаатарыг олон хувьсагчаараа цөм авсан чинь ард түмэн дургүйцэж хөөрхий мэтгэлцээний ялагчийг эгээтэй л Ангараг уруу нүүлгэчихсэнгүй.
 
Энэ мэт поп оддын эргэн тойронд Монголын  улс төрийн интертайнмент шоу үргэлжилсээр. Харамсалтай нь энэ бүхэн мөсөн уулын орой шиг нүдэнд харагдаж буй багахан хэсэг нь юм. Харин ёроолд нь ямар агуулга нуугдаж байна. Нөгөө “Өглөө кино”-нд жанжин Д.Сүхбаатар бухимддаг шиг өнөөдрийн тэгтлээ үзэн ядаад байгаа популизмын жинхэнэ эзэн нь хэн бэ?
Улс төр судлаачид популизм хэмээх нэршил 1890 ээд оны эхэнд үүссэн гэж үздэг. АНУ-ын хэсэг тариаланч ургацын үнэ нь унаж, амьдрал нь ядуурахад улстөрчид баян хэвээр байсанд эгдүүцэн, нэгдсэн хөдөлгөөн байгуулж улмаар 1892 онд Популист буюу түмний намыг үүсгэн байгуулж байж.
 
Энэ нэршил явсаар ард түмэнд таалагдахын тулд биелэх боломж тааруу амлалт өгч, байр суурь илэрхийлэх замаар олон нийтийн сэттэлгээнд нөлөөлдөг улс төрийн технологи болон хөгжжээ. Манайд энэ аргачлалыг Л.Гүндалай хүүхдийн мөнгөөр улс төрд амжилтгай нэвтрүүлж, тухайн үед парламентад хоёрхон суудалтай, байсан ардчилсан намыг аварч, улс төрийн хаан Н.Энхбаярын 72 суудлын бараг талыг нь булааж байв. За ингээд л “Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь”, “Шударга байцгаая!” гээд алдарт поп одод ар араасаа төрсөн дөө.
 
Дэлхийд популизмын талаар олон жил нарийвчлан судалсан хүн бол Лондонгийн Эдийн засгийн их сургуулийн (LSE) ахлах профессор Франциско Панизза бөгөөд түүний 2005 онд бичсэн “Популизм ба Ардчиллын толь” номыг дэлхийн олон судлаач чиг баримжаагаа болгодог.
 
Популизм бол өнөөдрийн нийгмиин бухимдлын толь байдаг гэхэд хилсдэхгүй.  Тиймээс ч Поп цэцэг нийгмийн бухимдлын хөрсөнд , шударга ёсны хүсэмжлэл гэсэн бордоогоор бордуулж ургадаг.  Тиймээс ч олонх судлаач популизмын үндсэн хөрсийг орлогын тэгш бус байдал гэж үздэг.
 
Италийн судлаач Коррадо Жинийн бодож олсон аргачлалаар бид энэхүү хөрсний хэр үржил шимтэйг хэмждэг. Энэ үзүүлэлтийн нэг тоо асар их зөрүүг илтгэдэг бөгөөд тоо их байх тусам л чүдэнз зурахад дэлбэрэхэд бэлэн нийгмийн бухимдал өсдөг гэсэн үг. Поп одод хамгийн ихтэй Латин-Америкийн орнууцын Жини коэфициент хамгийн өндөр байгаа нь ажиглагддаг. Колумб гэхэд л 53.5 байх жишээтэй. Популизмаас илүү полиси буюу урт хугацааны бодлогод анхаардаг Скандиновийн орнуудад энэ тоо бага байдаг.
 
Бидний ярих дуртай Норвеги Улсын үзүүлэлт 26.8 байдаг. Тэгш бус байдлаас улбаалсан популизмын хөрс бүрдэх гинжин хэлхээ гэж бий. Үүнийг зарим нь чөтгөрийн тойрог ч гэж нэрлэдэг. Нэг ийм тойрогт ороод эргэчихвэл, эргүүлгээсээ тийм ч амархан гарчихдаггүйг олон улс орны туршлагаас харж болно.
 
♦             Тэгш бус байдал ихсэхэд нийгмийн бухимдал өсдөг
♦             Нийгмийн бухимдал өсөхөд шударга ёсны хүсэмжлэл нэмэгддэг
♦             Шударга ёсны хүсэмжлэл ихсэхэд популизмын хөрс бүрддэг
♦             Популизм газар авбал, улс төрийн тогтворгүй байдал үүсдэг
♦             Улстөрийн тогтворгүй байдал эдийн засгийн болон засаглалын, улмаар нийгмийн хямрал болон гүнзгийрэх нөхцөлийг бий болгодог
 
Энэ чөтгөрийн тойргийн эргүүлгийн тоглоом руу бид өдөр өдрөөр татагдан орсоор явааг эрхэм түшээд маань ажигладаг болов уу. Монголд тэгш бус байдал улам бүр газар авч байна. Өнөөдөр нийт иргэдийн 70 орчим хувь нь хадгаламжгүй, хадгаламжтай иргэдийн таван хувь нь нийт хадгаламжийн 95 хувийг эзэмшиж байна. 2012-2013 оны Дэлхийн баялгийн тайланд(World Ultra Wealth Report ) 30 сая ам.долларын баячуудын хөрөнгийн өсөлтийн хувь дэлхийд хоёрт эрэмбэлэгдэж байгаа тухай дурьдсан байхад гурван хүн тутмын нэг нь нэн ядуу төвшинд амьдарч байна. Сар шинэ дөхсөн үед билгийг бодож, бичихээс хальширмаар бусад тоон үзүүлэлтүүдийг орхив.
 
Тэгш бус байдал өндөр ч шударга ёс тогтсон газар бас ч гэж нийгмийн бухимдал харьцангуй бага байдаг. Шударга ёс гэдэг үндсэндээ хараат бус шүүх шүү дээ . Энгийн иргэн, эрхтэн дархтны өмнө шүүх, хууль хяналтын байгууллага ижил үйлчилнэ гэсэн үг. Ийм нийгэмд хүн шударгаар хөдөлмөрлөж амжилтад хүрэх боломж нээлттэй байдаг. Гарашнаас Билл Гейтс төрсөн шиг.
 
Харамсалтай нь, манайд шүүх засаглал зүгээр л улстөрчдийн шатрын өрөг дээрх хүү болж байгаа нь улам бүр тодорхой болсоор. Одоо бүр Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаа ч улс төрөөс шууд хамааралтай болж эхлэв. Хууль биш хувь хүний засаглаж буйн бахархалт жишээ. Энэ тухай бид дараагийн нийтлэлээр дэлгэрэнгүй ярилцана.
 
Тэгш бус байдал, шударга бус байдал хоёр хосолвол Нобелийн шагналт эдийн засагч Паул Кригманы олонтаа хөнддөг 99:1 -ийн зарчим буюу нэг хувь нь 99 хувийн баялгийг, төрийн эрх мэдэлтэй нь хамт эзэмшдэг аймшигт нөхцөл рүү гулсан орж, эдийн засаг, нийгмийн засч болохгүй хямрал, давхаргын ялгааг бий болгодог. Ийм нөхцөл байдлаас улбаалж, дэлхийн олон улс оронд “Бид 99% хувь” гэсэн популист хөдөлгөөнүүд ихсэж, зарим газар нь бүр хувьсгал гарч байсныг түүх нотолдог.
 
Германд ард түмэн нь эхлээд улстөрчдөө тохуурхан шоолж инээсэн гэдэг. Энэ уур амьсгал манайд ч аль хэдийн бүрэлдэн бий болжээ. Үүнийг итгэл алдралын шат гэдэг. Харин дараагийн шатанд тохуурхал нь үзэн ядалтаар солигддог. Яг энэ үед Гитлер төрсөн байдаг. Мань хүн мундагтаа биш л дээ. Хувьсгалын тохироо нь л тэгж бүрдсэн хэрэг.
 
Манайд ч төрийн гурван өндөрлөгийн нэр хүнд эхний аравт багтахаа больж, голлох намуудын рейтинг жижиг намуудаасаа ялгагдахаа больж буй нь нийгэмд ямар их хэмжээний бухимдал хуримтлагдсаны шууд тусгал.
 
Уг нь ийм үед улстөрчид тансаг хэрэглээгээ багасгаж иргэдтэйгээ аль болох ижил түвшинд очихыг эрмэлзэх, ашиг сонирхлын зөрчил дагуулсан худалдаагаа хязгаарлаж, дундаж давхаргаа хамгаалсан нэгдсэн бодлогын горимд шилжих ёстой болдог ч бид эсрэгээрээ АСЕМ-ын хэрэглээ ярьсаар. Олон улсын хурал зохион байгуулах нь зөв л дөө. Цаг үе нь, гаргаж буй төсөв нь энэ цаг үетэй нийцэж байна уу? гэдэг л асуудлын гол нь.
 
Энэ мэт нөхцөл байдлыг томоор харж, шийдэл гаргах нь улстөрчдийн тэр дундаа гүйцэтгэх засаглалын тэргүүний улс , төрийн манлайллаас шууд хамаарах нь аксиом!
Эдийн засгийн өсөлтийн лугшилт нэг хувь гаруй болж судсанд тэмтрэгдэхгүй шахам болж, сэхээн амьдруулах тасагт шилжив. Малчид нь малын зээл, залуус нь байрны зээл, ажилчид нь цалингийн зээл, аж ахуйн нэгжүүд нь бизнесийн зээлийн өмнө сөхөрч байгаа энэ үед олон нийт таныг өмөөрөхгүй шүү дээ. Гагцхүү шийдэл л хүлээж байгаа. Асуудлын гол нь поп одууд биш, харин өнөөдрийн нөхцөл байдал гэдгийг та олж хараач.
 
Сүүлийн хэдэн хоногт поп яриаг хамгийн их гаргаж, төрийн сэнтийгээс тонгойн гишүүн бүртэй ам уралдан хэрэлдэж буй Ерөнхий сайд Та өөрөө ч өнгөрсөн 25 жилийн хамгийн алдартай поп оддын нэг гэдгээ битгий мартаарай.
 
Та хэд маань бие биенийгээ попоор цоллосоор жинхэнэ урлагийн поп одод маань анхаарлын гадна гарлаа. Одоо больё! Сувгаа солъё!
 
Л.Оюун-Эрдэнэ