sonin.mn
УИХ-ын чуулганы өчигдрийн /2016.01.28/ үдээс хойших нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж Монгол Улсын Ерөнхий сайдыг oгцруулах тухай УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 19 гишүүний саналыг хэлэлцсэн билээ.
 
Энэ үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг : " Оюутолгойн далд уурхайн санхүүжилтээр цаашдаа манай улсад 6 тэрбум доллар орж ирнэ. Энэ мөнгө бол ДНБ-ий тэн хагас, улсын хоёр жилийн төсөв. Оюутолгойн асуудлыг цаашид улс төртэй хутгаж, ард түмний хүлээлт рүү ус цацмааргүй байна. Оюу толгойг цааш хөдөлгөх шийдвэрийг Засгийн газар цээжний бангаар гаргачихаагүй юм. Монгол Улсын иргэдээсээ асуусан. Нийт 365 мянган иргэний 60 хувь нь Оюу толгойг хөдөлгө гэж саналаа өгсөн" хэмээн өгүүлсэн юм.
 
Мөн чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцон : “Албан тушаалтнаас хариуцлага асуух ёстой. Гэхдээ иж бүрэн байх ёстой. Өнөөдөр гишүүдийн ирц сайн байгаа энэ үед би өөрийн санаагаа товч хэлье. Цаашид ийм асуудлыг хэлэлцэх гэж буй бол Ерөнхий сайдыг Ерөнхий сайдаар л сольдог болох нь зүйтэй.
 
Өмнөх Ерөнхий сайдаа унагаад дараагийнхыг хайдагаа зогсооё. Сууж байгаа модоо тайрахын оронд түүнийгээ ургуулдаг больё. Үүнийг бүтээлчээр хариуцлага тооцох гэж хэлдэг. Гишүүд нэгдэн гарын үсэг зураад Ерөнхий сайдыг огцруулах санал тавьж байгаа бол дараагийн Ерөнхий сайдын нэрийг мөн оруулах ёстой. Аливаа асуудлыг шийдэхдээ муу жишгийг өөрчлөх хэрэгтэй байна. Үүнийг дэвшил гэдэг. Одоо энэ дэвшлийг бид хийх цаг болжээ” гэсэн юм.
 
Үүний дараа Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар санал хураалт явуулахад Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.5 хувь нь дэмжсэнээр Ч.Сайханбилэгийн Засгийн газар огцролгүй үлдэж чадав. Мэдээж энэ бүхэн нь Л.Цог, О.Баасанхүү, Г.Уянга нараас бусад гишүүдээ зангидаж чадсан МАХН-ын дарга, МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн тэргүүн Н.Энхбаяр, ИЗНН-тай шууд дэмжлэгтэй холбоотой билээ. Үүний цаана томоохон тохиролцоо явагдсан бөгөөд МАХН-ын дарга Н.Энхбаяр Монгол улсын Шадар сайдаар томилогдох нь тодорхой хэмээн эх сурвалжууд өгүүлж байв. Гэсэн ч өнөөдөр АТГ-т шалгагдаж буй МАХН-ын ЕНБДарга, Эрүүл мэнд, Спортын сайд асан Г.Шийлэгдамбын захиа гэгч гэнэт гарч, Н.Энхбаярт дахин эрүүгийн хэрэг үүсгэх төлөвтэй боллоо. Өөрөөр хэлбэл АН-ын удирдлагууд Н.Энхбаярыг шадар сайд болгоно, улс төрийн дэмжлэг үзүүлнэ хэмээн хуурсан бололтой.
 
Э.Мягмардорж