sonin.mn
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн dorgio.mn, shuurkhai.mn сайтаар түүнийг хүн амины хэрэгт холбоотой мэтээр ташаа мэдээлэл цацагдсанд няцаалт хийлээ.
 
Тэрээр зарим сайтад гарсан "Б.Чойжилсүрэнгийн компанийг хүн амины хэрэгт сэжиглэж болохоор байна" гэсэн гарчигтай нийтлэлд иргэн Т.Лхагвасүмбэрэлийн нас барсан хэрэгт түүнийг болон үүсгэн байгуулсан компанийг буруутгасанд харамсаж байгаагаа илэрхийллээ. 
 
Б.Чойжилсүрэн гишүүн хэлэхдээ "Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг "Саус гоби коэл транс" компанид миний бие 50 хувь эзэмшдэг. Дуулиан дэгдээх зорилгоор ийм гүтгэлгийн чанартай мэдээлэл гарсан болов уу гэж таамаглаж байна. Би өчигдөр компанийнхаа хүмүүстэй уулзаж ярилцлаа. Манай компанийнхан талийгаач болон орон нутгийн төрийн байгууллагуудтай ямар нэг зөрчилд орсон зүйл байхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.
 
Хууль хяналтын байгууллагад очиж энэ талаар тайлбар өгөх шаардлагыг компанийн удирдлагуудад тавьсан байгаа. Асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулна" гэв. Мөн дээрх хоёр сайтад гүтгэлгийн чанартай зүйлээ нотол, нотолж чадахгүй бол залруулга гарга гэсэн шаардлага тавьж байгаагаа мэдэгдлээ.