sonin.mn

БЕРЛИН. /Anadolu/. Дайснаа гэж тодорхойлсон “Лалын улс” бүлэглэлээс Башар Асадын дэглэм нефть худалдаж авдаг гэж Герман улс буруушаав.

Асадын дэглэм болон “Лалын улс” хоорондын нефтийн худалдааг нотлох баримт байгаа гэж Берлинд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Германы Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Савсан Чебли хэлсэн байна.

“Лалын улс”-аас Турк нефть худалдаж авдаг гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин хэлсэн талаарх асуултад, үүнийг нотлох мэдээлэл Германы эрх баригчдад байхгүй гэж Чебли хариулжээ.

"Гэвч бидний мэдэж буй жишээгээр, Асадын дэглэм “Лалын улс”-аас их хэмжээний нефть авсан. Бидэнд нотолгоо бий” гэж тэрбээр хэлэв.

Туркийг сэжиглэж буйг Германы Засгийн газрын төлөөлөгч Штеффен Зайберт шүүмжилж, “Лалын улс”-аас нефть худалдаж авахыг Турк идэвхтэй дэмжиж эсвэл зөвшөөрсөн гэх ноцтой нотолгоо байхгүй гэж хэлэв.

Х.Аминаа

Эх сурвалж: “Монцамэ”  агентлаг