sonin.mn

"Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Хууль сахиулах их сургуулийн Цагдаагийн сургуулийн Цагдаагийн эрх зүйн тэнхимээс санаачлан "Хүний эрхийн булан”-г  тус их сургуулийн номын санд шинээр нээлээ.

Энэхүү нээлтийн ажиллагаанд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, доктор П.Оюунчимэг, Хууль сахиулахын Удирдлагын академийн захирал, тэргүүн дэд комиссар Ж.Ганбаатар, Цагдаагийн сургуулийн захирал, дэд комиссар Д.Эрдэнэбаатар, ХЭҮК-ын Бодлогын дүн шинжилгээ, хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ, Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл, судалгааны төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбилэг, Цагдаагийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, цагдаагийн хурандаа Ю.Бадамханд, Хүний эрхийн хуульч М.Ичинноров болон тус тэнхимийн багш нар, номын сангийн албан хаагчид оролцлоо.

"Хүний эрхийн булан”-д тавигдсан ном бүтээлүүд нь суралцагчдын хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх, энэ чиглэлээрх судалгаа, шинжилгээний ажилд ашиглагдах, эрдэмтэн багш нар хичээл сургалтдаа ашиглах, улмаар бидний гадагшаа чиглэсэн үйл ажиллагаа өргөжиж, хууль сахиулагчдын хүний эрх зөрчсөн хууль бус ажиллагааг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. 

Бидний үйл ажиллагааг дэмжин хүлээн авч харамгүй сэтгэлээр тусалсан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Эмнести Интернэйшнл олон улсын байгууллага, Хувь хүний хөгжлийн институт, Хүний эрх хөгжлийн төвийн хамт олонд гүн талархал илэрхийлье” гэж Цагдаагийн академийн захирал, дэд комиссар Д.Эрдэнэбаатар хэллээ. 

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг "Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдаад 15 жил болж байна. Энэ цаг үед "Хүний эрхийн булан”-г нээж байгаа нь хожимдсон ажил боловч аль болох үр дүнтэй байлгах ёстой. Хүний эрхийн Үндэсний Комиссын зүгээс Хууль сахиулахын их сургуультай үргэлж нягт холбоотой ажилладаг. Цаашид ч энэ их сургуулийн үйл ажиллагааг дэмжин ажиллахдаа таатай байх болно” гэв.

Ж.Батсайхан

Эх сурвалж: “Монцамэ”  агентлаг