sonin.mn
Эрх баригчид ирэх оны төсвийг батлахдаа чамгүй хэмнэлт хийж байгаа гэж ярьж байсан ч эцсийн дүндээ гадаад дотоодын томилолтын зардлаа хэмнэсэн дүр эсгэж, 800 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай төсөв батлав.
 
Төсвийн алдагдлаа нөхөхийн тулд нийслэлийн А бүст байрлалтай улсын төсвийн хөрөнгөөр барьсан 20 шахам объектыг хувьчлахаар болсон. Түүний нэг нь Хүүхдийн урлан бүтээх төвийн байр юм. Монголд нийгмийн давхрага хамаарахгүй хүүхэд сурч боловсрох, өөрийн авьяас чадвараа хөгжүүлэх боломж бүхий цорын ганц байгууллага нь энэ төв юм. Ээж, аавууд сард 20 мянган төгрөг төлөөд хүүхдийнхээ уран сэтгэмж, их хүсэлд дэм өгч суралцуулна гэдэг ховор боломж.
 
Тус төв нь хүүхэд багачуудын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, амьдралын арга ухаанд сургах, гар урлал, чимэглэх урлагийн төрөл зүйлийг тэдэнд зааж, дугуйлан хэлбэрээр хөдөлмөр гоо зүйн хүмүүжил олгодог.
 
Тухайлбал, манай улсад нисэх онгоцны загвар бүтээдэг дугуйлан Хүүхдийн урлан бүтээх төвд л бий. Өөр хаана ч байдаггүй. Түүнчлэн уран зураг, хүүхэлдэй, бэлэг дурсгал, сийлбэр, баримал, хайчилбар зэрэг 10 гаруй нэр төрлийн дугуйлан „хичээллэж байна. Одоогоор нийслэлийн 50 орчим сургуулийн 600 гаруй сурагч өөрийн хүсэл сонирхлын дагуу тус төвд суралцдаг.
 
Гэтэл энэ төвийн байрыг хувьчилж, “мөнгө босгох” гэж байгаад иргэд ундууцаж “Дугуйланд суралцаж буй хүүхдүүдийг гудамжинд гаргах гэж байна. Хувьд шилжүүлснээр хүүхэд сард 20 мянган төгрөгөөр суралцах боломжгүй болно. Хувийн дугуйланд явуулахад дор хаяж 200 мянган төгрөг төлнө” гэсэн байр суурьтай байгаа юм. Иймд авьяаслаг, хөдөлмөрч хүүхдүүдийнхээ эрх ашгийг хамгаалж хувьчлалын шуурганаас Хүүхдийн урлан бутээх төвийг авч үлдье.
 
Б.Цэцэг дэлгэр
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин