sonin.mn
"Ард санхүүгийн нэгдэл"-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг өчигдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр Хэвлэх үйлдвэрийн барилгыг хамтран худалдаж авахаар мөнгө шилжүүлсэн залуучуудад талархлаа илэрхийлж тус бүрт нь "Ард санхүүгийн нэгдэл"-ийн 20 ширхэг хувьцааг өгөхөөр болжээ.
 
Мөн мөнгийг нь буцаан шилжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа юм байна. Тэрбээр өөрт нь итгэл хүлээлгэсэн хүмүүст ийнхүү бэлэг барьж буйгаа дуулгалаа. Тэрбээр "Монголын өмч хувьчлалын түүхэнд их сонин үйл явдал болсон. Олон нийт маш өргөн хүрээнд хүлээн авсан.
 
Хугацаа их давчуу байсан болохоор бид явцын дунд шийдвэр гаргаад яваад байсан. Цаг хугацаа амжихааргүй болсон учраас хагас сайны өглөөнөөс мөнгөө шилжүүлж эхэлсэн. Хэн ч тооцоолж байгаагүй их хүмүүс бүртгэлээ хийж, мөнгөө тушаасан. Дуудлага худалдаа болж үйл явдал яаж өрнөснийг та бүхэн харсан байх. Бид дуудлага худалдаанд орж амжаагүй. 
 
Даваа гарагийн 09:00 цагт ажил эхлэхээр бичиг баримтаа нотариатаар баталгаажуулж, үүдэн дээр нь дэнчингийн материалаа хийх болоход амжаагүй. Үүндээ хүлцэл өчиж байна. Хувьчлал амжилттай явагдсан. Мэдээж хэрэг мөнгөө тушаах, тэр мөнгө нь цэвэр мөнгө үү, хаанаас орж ирсэн мөнгө вэ гэдэг шалгалтууд хийгдэх ёстой. Мөнгөний эх үүсвэрийг сайн шалгах хэрэгтэй.
 
Төр нь өөрөө буруу мөнгө авч болохгүй. Дэлхийн геополитик ийм байгаа үед улс даяараа санхүүгийн асуудалд орж болохгүй. Мөнгө угаах, терроризмтой тэмцэх маш олон хуулиуд гарчихсан. 
 
Тэр мөнгө нь татвараа төлчихсөн, цэвэр мөнгө байх ёстой. Энэ бол хувьчлалтай холбоотой асуудал.Үүнээс гадна надад итгээд мөнгөө шилжүүлсэн залууст бид "Ард санхүүгийн нэгдэл"-ийн 20 ширхэг хувьцаа бэлэглэх шийдвэрийг өчигдөр манай ТУЗ гаргалаа. 
 
Энэ хүмүүсийн итгэл, зүтгэлийг мялааж байгаа хэрэг юм. Үүний үр дүнд Монголчууд өөрсдөө банк санхүүгийн байгууллагынхаа хувьцааг эзэмшдэг, үйлчлүүлдэг болно. Хөрөнгийн зах зээл хөгжүүлнэ гэж 25 жил ярьлаа. Одоо ярьдаг биш хийдэг болъё. Хөрөнгө оруулагч үндэстэн болъё" гэв. 
 
Эх сурвалж:"Өглөөний сонин"