sonin.mn

Найман намын төлөөлөл Ерөнхийлөгчийн санаачилсан Улс төрийн намын тухай хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлэв.

 

Улс төрийн намын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр “Иргэний танхим”-д хийсний дараа МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж, Хамуг монгол хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяр, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх, Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат, Ардчилсан хөдөлгөөний намын ерөнхий нарийн бичгийн дарга М.Ганзориг, Ногоон намын дарга О.Бум-Ялагч, БНН-ын нарийн бичгийн дарга н.Зоригоо нар хэвлэлийн бага хурал зарласан юм.

Энэ үеэр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат Улс төрийн намын тухай хуулийн төсөлд оруулсан хүлээж авах боломжгүй заалтуудын талаар онцлов.Тухайлбал Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүх намуудыг татан буулгаж СЕХ шинээр бүртгэнэ, бүртгэх үйл явц, санхүүжилт олгох, тараах, татан буулгах асуудлыг СЕХ, Иргэний бүртгэл мэдээллийн төв хариуцах заалт оруулж ирсэн аж. Харин СЕХ бол эрх баригч улс төрийн намын нөлөөлөлд байдаг нь ил болсон. Энэ нь улс төрийн намуудыг эрх баригч улс төрийн хүчин өөрийн мэдэлдээ байлгах гэсэн оролдлого гэлээ.

Мөн улс төрийн намыг байгуулах босгыг одоогийн хуулиар 801 хүнээр тогтоосон байдаг бол шинэ хуулийн төсөлд 31 хүн нам байгуулж болохоор заалт оруулсныг эсэргүүцэж байв. Насанд хүрсэн хүнийхээ тоонд хуваавал 200-800 нам байгуулах боломж үүгээр бий болно гэв.

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж “Ерөнхийлөгчийн өргөн барих гэж байгаа хуулийн төсөл Үндсэн хуулийн үзэл баримтлал, эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн байна. Улс төрийн намын асуудал болгоныг хуульчлах, үйл ажиллагааг нь төрийн хяналтад бүрэн оруулах, аливаа намыг эрх баригч хүчнээс шууд хамааралтай болгох заалт оруулжээ” гэв.

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх "Энэ хуулийн төсөл манай улсад олон намын системийг хязгаарлаж, дуу хоолойг нь боомилох оролдлого гэж харж байна. Өмнө УДШ-д бүртгэлтэй байсан, одоо СЕХ-нд харьяалагдах нь. Эрх баригч нам СЕХ-ны удирдлагыг томилдог. Тэгэхээр улс төрийн намуудын дарга нарыг эрх баригч намын дарга удирдах нь. Хуулийн төслийг бүхэлд нь буцаахыг хүсч байна" гэх мэтээр саналаа илэрхийлэв. 

Н.Туяа

 

Эх сурвалж: “Монцамэ агентлаг”