sonin.mn

ГХЯ-наас долоо хоног бүрийн мягмар гараг бүрт зохион байгуулдаг “Мэдээллийн цаг” уулзалт болж, энэ сарын 30-нд БНФУ-д болж буй Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцийн оролцогч талуудын дээд түвшний уулзалт болон “Бурхан Халдун” Уулыг Дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн талаар мэдээлэл хийлээ.

Уг уулзалтад дэлхийн 150 гаруй орны төрийн тэргүүн оролцож байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өндөр дээд түвшний манлайлагчдын уулзалтад үг хэлсэн байна.

Тэрбээр, “Уур амьсгалын өөрчлөлт бол терроризмтэй ижил түвшинд аюул учруулж буй зүйл юм” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Түүнчлэн, уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох чиглэлээр тууштай арга хэмжээ авч хэрэгжүүлэх зорилгоор оролцогч талууд Олон улсын хамтын нийгэмлэгт санхүүгийн тусламж өгөх, хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлах, нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээгээр татвар төлөх замаар хариуцлагаа улам бүр нэмэгдүүлэх ёстой гэсэн саналыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гаргажээ.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Боковатай уулзалт хийжээ. Ирина Бокова “Бурхан Халдун” уулыг Дэлхийн соёлын өвд бүртгэсэн батламжийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид гардуулсан байна.

2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгч “Бурхан Халдун” уулыг төрийн тахилгат уул болгож, ЮНЕСКО-гийн  Дэлхийн өвд бүртгүүлэх зарлиг гаргаж байсан нь биелэлээ олсон юм.

Ч.Ариунболд

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг