sonin.mn
Өнөөдөр УИХ-ын гишүүд Ю.Цэдэнбалыг “цагаатгана, цагаатгахгүй” гэсэн хоёр тал болж үзэж тарж байна. Тэд улс төрийн тэнэглэл, харалган байдлаа “түүхэн цагаатгалаар” нууж, “түүх мэддэг” сүрхий хүн болж үнэн утгагүй жүжиг тоглож байна.
 
Гэтэл Ю.Цэдэнбалыг “цагаатгана, цагаатгахгүй” гэсэн нэгж, тодорхой асуудлын цаана коммунист дэглэмээс ардчилал руу шилжих үед шийдвэрлэж чадаагүй үлдсэн болон үлдээсэн улс төр, нийгэм, түүх, оюун санааны асар том олон асуудал байгаа юм. Энэ талаар онол-практикийн зарим үндэслэл хэлэх гэсэн юм…
 
Ардчиллын мухардал

Эдгээр бугшсан асуудлыг түүхэн болон гүн ухаан, үзэл санааны өргөн суурь дэвсгэр дээр авч үзэлгүйгээр шийдвэрлэх боломжгүй. Гэтэл манайд чухам энэхүү ерөнхий суурь асуудлуудыг 20 гаруй жил “мартаж”, орхигдуулж ирсэн учраас үзэл санаа, сэтгэлгээний мухардалд ороод байна.

“Шинэ” АН, “хуучин” МАН хоёр Ю.Цэдэнбалыг “цагаатгана, цагаатгахгүй” хэмээн “байлдаж” эхэлснээр Монгол Улс оюун сэтгэлгээний хувьд 1990 оны үе рүүгээ эргэн оров. Нарийн ярих юм бол энэ нь монголын ардчилал бүрэн мухардалд орсны тод илрэл мөн.

Ингэхэд ардчилалд хэрхэн шилжсэнээ санаж байгаа, мөн бусад социалист улс ардчилалд яаж шилжсэнийг санаж байгаа хүн Монголд бий юу ? Байхгүй.

Социалист систем яаж нурсан бэ ? 

Манай “ардчилагчид”: “Бид ардчилсан хувьсгалыг оготнын хамраас ч цус гаргалгүй хийсэн” гэж байн байн цээжээ дэлддэг. Сайхан зан нь хөдөлсөн үедээ: “Монголчууд ухаантай болохоороо цус урсгаагүй” гэж их бахархан өгүүлэх бөгөөд үүнд бүгдээрээ “үнэмшиж” сэтгэлийн “их таашаал” авч ирсэн.

Гэвч харьцангуй саяхан болсон үйл явдлуудыг эргэн санавал энэн шиг худал юм байхгүй.

Ямар ч гэсэн социалист систем буюу коммунист дэглэмүүд бараг нэг зэрэг буюу ердөө хэдхэн жилийн дотор бараг “бодож ч амжихааргүй” богино хугацаанд нурсан нь баримт юм. Үндсэндээ 1989-1990 оны хооронд бүх зүйл “нүд ирмэхийн” зуур болж, бүх социалист орнууд улс төрийн дэглэмээ сольсон юм.
Хамгийн эхнийх нь 1989 оны хавар Польшид “Эв санааны нэгдэл” хэмээх сөрөг хүчний үйлдвэрчний эвлэл төрөн гарч Польшийн коммунист засгийн газартай хэлэлцээр хийснээр бүх зүйл эхэлсэн юм. 1989 оны зун Польшид хагас чөлөөт сонгууль болов. Ингээд 1989 оны намраас Ардчилсан Герман, Чехословак, Болгарт засаг төрөө сольж эхлэв. Харин Унгарт коммунист засгийн санаачлагаар шинэчлэл эхлэв. Харин Балти орчмын орнууд Зөвлөлтийн мэдэлд байсан учраас арай сүүлд, өөрөөр хэлбэл 1991 оны найман сарын үймээний дараа тусгаар тогтнолоо олж авсан юм. Харин “эсэргүүцлийн” үйл явц бас л 1990-ээд оны намраас тэнд эхэлсэн байсан.

Харин “цус гаргасан” цорын ганц орон нь Румын юм. Тэд тахин шүтэж байсан удирдагч Чаушеску-гаа эхнэрийн хамт буудан алсан билээ.
Румынээс бусад бүх постсоциалист орнууд коммунист дэглэмээс ардчилал руу шилжихдээ бүгдээрээ “оготнын хамраас цус гаргалгүй”, тайван замаар хувьсгал хийсэн юм. Иймээс Монгол л ганцаараа, “монголын ардчилагчид ухаантай” болохоороо “оготнын хамраас цус урсгаагүй” гэсэн зохиомол тэнэг үгээ болих хэрэгтэй.

Дөнгөж сая “социализм мандтугай” гэж байсан эдгээр орнууд одоо “ардчилал мандтугай” гэж орилох болов. Гэхдээ зүүн европын орнууд өмнө нь капитализмд байсан, түүнийг ямар нэг хэмжээгээр хөгжүүлж байсан юм. Иймээс тэд либерал ардчилал, зах зээлийг хүлээн авах иргэншил, соёлын суурьтай, зохих хэмжээний мэдлэг, туршлагатай байсан нь мэдээжийн хэрэг.

Харин ардчилалд шилжсэн Монгол Улс болон монголчуудын ардчиллын мэдлэг гэж таг харанхуй, туршлага гэж түй ч байхгүй байсан юм. Энэ нь гаднын “багш нар” монголчуудад ардчиллыг “А”-аас нь эхэлж заах “сайхан боломж” бий болгосон юм. Нөгөө талаас монголын сэхээтэн нэрт мэдэмхийнүүд “дуртай юмаа ардчилал” гэж донгосох бас л “сайхан боломж” олдсон юм.

Ингээд Монголд “ардчиллын онол”-ыг Баабар, Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар “заадаг” болов. Тэр үеийн эрдэм шинжилгээний болон бүх төрлийн “онолын” хурлууд эд наргүй бол “хурал биш” болдог байв.

Баабар, Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар болон “ардчиллын” бусад “онолчид” “дураараа шаана” гэдгийг ёстой үзүүлсэн юм. Энэ нь тэдний 1990-ээд оны эхээр хэлж ярьж байсныг судлаад үзэхэд л тодорхой байдаг. Одоо бол хүн ичиж үхмээр, бас хуцваа л эд байхгүй юу…

Тэр үед төрсөн монголын “үй түмэн онолчдын” хувь заяаг тусгайлан судалбал их сонин юм гардаг. Ингээд бүгдээрээ ардчиллын замаар замнав.
Ардчиллын анхны зовлон
Одоо шинийг байгуулах болон хуучныг устгах хоёр зорилтыг зэрэг биелүүлэх шаардлагатай болов. Өөрөөр хэлбэл коммунист дэглэмийн репресси шинжтэй үр дагаврыг даван туулах ёстой байв. Үүнийг “декоммунизаци” гэж нэрлэдэг. 

Эрх зүйт төр, ардчилалд шилжихийн тулд шилжилтийн үеийн “шударга үнэний шүүх” маягийн үйл ажиллагаагаар декоммунизаци эхэлсэн юм.
“Шударга үнэний шүүхээр” мэдээж хэрэг коммунист элитүүд орох ёстой. Яагаад гэвэл тэд энэ “бузар системийг” бий болгож, репресси явуулж байсан.
Гэтэл ардчилалд шилжихийн тулд шүүн таслах үйл ажиллагаа явуулах тухай “заалт” ардчиллын ямар ч “онолд” байсангүй. Гэхдээ л заавал, бүр заавал “шударга үнэний шүүх” байгуулах зайлшгүй шаардлага байсан юм.

Ингээд улс болгон өөрийн онцлогт тохирсон шүүн таслах үйл ажиллагааг өөрийн үзэмжээр явуулсан юм. Энэ нь хууль дээдлэх үзлийг тунхаглах, “нийгмийн шинэ гэрээ” бий болгох, хуульгүйгээр дураараа хүн шийтгэдэг, залхаан цээрлүүлдэг “ардчилсан бус” практикийг халах улс төрийн зорилготой байв. Бүх постсоциалист орнууд хуучны коммунист удирдагчид хийгээд элитүүдийг яллах ажилд ханцуй шамлан оров. 
 
Гэвч энэ бол дэндүү том, бас дэндүү зовлонтой асуудал байлаа.
Тоталитар дэглэмийн үед хүний эрх бөөнөөр зөрчиж байсны эсрэг хариу” арга хэмжээг Сэмюэль Хантингтон “алуурчны асуудал” гэж нэрлэсэн байдаг. Энд ердөө л хоёрхон зам байв. Эсвэл шүүж шийтгэх, өөрөөр хэлбэл “шударга үнэний шүүх” явуулах, эсвэл уучилж мартах, өөрөөр хэлбэл энэ асуудлыг зүгээр л орхих.

Хамгийн амархан нь шударга бусаар хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгаж, репрессийг буруушаан жигших явдал байв. Дараа нь хэлмэгдэгсэд болон тэдний гэр бүлд нөхөн олговор олгох, санхүүгийн тусламж үзүүлэх явдал орно. Зарим оронд хураагдсан өмчийг нь буцаан олгосон. үүнийг реституци гэдэг.
Бусад оронд нэг удаа хийгээд дууссан “цагаатгах” нэртэй энэ үйл явц манайд 20 гаруй жил тасралтгүй үргэлжилж эдүгээ зүгээр л өш хонзон авах, улс төрийн үзэл суртал, мөн шууд хэлэхэд бизнесийн асуудал болон хувирсан байна.

Хамгийн хүндрэлтэй нь ял шийтгэлийн асуудал байсан юм. Яагаад ? “Ардчиллын парадокс” гэгч энд үүссэн юм.
Яаж шийтгэх вэ ? 
Шинэ байгуулсан ардчилсан төр зөвхөн хууль дээдлэх ёстой. Эрх зүйт төр, либерал ардчиллын суурь зарчмын нэг нь хуулийг буцаан хэрэглэж болохгүй. Өөрөөр хэлбэл хүнийг гэмт хэрэгт татна гэвэл түүнийг энэхүү гэмт хэрэг үйлдэгдэх үеийн тэр л хуулиар шийтгэх ёстой. Даанч тийм хууль коммунист дэглэмд байхгүй. Тэгж ярих юм бол коммунистууд шиг хууль сайн биелүүлдэг хүмүүс энэ ертөнцөд байхгүй. Ингээд “ардчиллын парадокс” үүсч байгаа юм.

Ухаандаа Зүүн Германд Баруун руу оргон хил давахыг оролдсон хүнийг шууд буудах хуультай байв. Тэр ч байтугай Зүүн Германы хилийн албаны хуулинд хил зөрчигсдийг буудвал сайшаах заалттай. Энэ тохиолдолд хууль биелүүлсэн хүний “бурууг” тогтоож, шийтгэх бараг утгагүй болж байгаа юм. Түүнээс гадна олонхи гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийн дууссан байсан юм. Энэ бол “түүхийн” болон улс төрийн асуудал болохоос яг одоогийн “эрх зүйн” практик асуудал огт биш юм. 

Зүүн Герман “шударга үнэний шүүх”-ийг “лаг сүртэй” эхэлж “дэндүү даржин” дуусав. Тэнд 75.000 орчим эрүүгийн хавтаст хэрэг нээж, 100.000 орчим хүнийг эрүүгийн хэрэгт татсан юм. Үр дүн нь ердөө л 1400 хүн шүүхээр шийтгэл хүлээжээ. Анх шийтгэнэ гэж “амласан” хүний ердөө л 1,4%. Энэ тоо “их багыг” би мэдэхгүй, харин “амласнаасаа” үлэмж бага бөгөөд энэхүү шийтгэх кампани нуран унасныг л хэлж чадах байна. Энэ шийтгэсэн 1400 хүнээ ч “олигтой” шийтгэж чадаагүй, ёс болгож торгох буюу тэнсэн өгөөд л “хоёр яс” салсан юм.

Зарим нь тулгарсан бэрхшээлийг хууль тогтоох замаар шийдвэрлэх оролдлого ч хийсэн. Тухайлбал, коммунист дэглэмийг гэмт хэргийн шинж чанартай гэж үзэх, зарим гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг дахин сунгах г.м. Жишээ нь: Чехэд 1993 онд “Коммунист дэглэм хууль ёсны бус хийгээд түүнийг эсэргүүцэх тухай” хууль гаргасан. Ингээд энэ хуулийг хэрэгжүүлэх гэтэл Чехословак хоёр салж, зөвхөн Чех улс л хэрэгжүүлсэн юм. Энэ хуулиар 1948-1989 онуудад улс төрийн шалтгаанаар үйлдсэн бүх хэргийн хөөн хэлэлцэх хугацааг сунгасан юм.

Өөр нэг том арга хэмжээ нь “люстраци” буюу монголоор “цэвэрлэгээ” хийж, төрийн албанаас зайлуулсан явдал юм. Люстраци гэдэг нь өмнөх “ардчилсан бус” дэглэмд ажиллаж байсан тухайлсан хүн болон хүмүүсийг төрийн алба, шүүх, арми, хүчний байгууллагууд, түүнчлэн боловсрол, хэвлэл мэдээллийн байгууллагаас хөөж, тэднийг “цэвэрлэх”-ийг хэлдэг. Нэг ёсондоо боловсон хүчний халаа сэлгээний нэг төрөл боловч эрүүгийн шинжтэй биш, захиргааны шинжтэй шийтгэл юм.
Манайд энэ аргыг ил тод зарлаагүй боловч үнэн хэрэг дээрээ маш өвөрмөц байдлаар “нэлээн сайн цэвэрлэсэн” юм. Энэ талаар хэн ч ярьдаггүй боловч надаас асуувал “ярих юм” нэлээд бий…

Эдгээр олон арга замуудаас хамгийн ноцтой бөгөөд сэтгэл зүйн үр дагавартай нь архив ил болгох арга буюу монголоор “дотоод яамны мэдээлэгч нар”-ыг олох асуудал байсан юм. Энэ аргаар репрессив байгууллагууд буюу тагнуул, нууц цагдаа, коммунист намын архивыг ил болгож байв. Манайд үүнийг “ардчилсан” хийгээд хуучин хүчин “бүгдээрээ санал нэгтэйгээр” огт хэрэглээгүй юм.

Чухам яагаад ингэснийг анхааралтай авч үзвэл тун ч олон асуудлын учиг сэжүүр гарч ирдэг…
Европын орнуудын хувьд 1990-ээд онд “цэвэрлэгээ” хийж “ихэд будилсан” атлаа багцаалбал 2000 оноос “цэвэрлэгээний” хууль гаргаж, “хоёр дахь цэвэрлэгээ” буюу люстраци хэрэгжүүлсэн болно. Тухайлбал, Польш, Словак, Румын, Словени, Македони улсууд ингэсэн. Хамгийн сүүлд Украины Дээд Рада 2014 онд коммунистуудыг хөөж “люстраци” хийсэн юм. Харин энэ бол үнэнхүү тэнэглэл байсан юм.

“Цэвэрлэгээ” хийхийн зовлонг Герман хамгийн сайн мэддэг юм. Эхлээд Гитлер 1930-аад онд коммунистууд болон бусад үл бүтэх этгээдүүдээс Германыг бүрэн “цэвэрлэсэн”. Дараа нь Дэлхийн II дайны дараа Оросууд Германыг фашизм болон түүний “барууны” холбоотнуудаас “цэвэрлэсэн”. Сүүлд нь барууныхан Германыг “коммунистууд”-аас “цэвэрлэсэн”. Энэ олон аймшигт “цэвэрлэгээнээс” Герман тулдаа л тэсч үлдсэн байх…

Эндээс тэд төрийн албан хаагчид “төрдөө төвч хандах” ганцхан зарчим гаргаж, Германы төрийн албыг намуудаас огт хамааралгүй болгосон юм. Ингээд Зүүн Германы дэглэмийн үед Аюулаас Хамгаалах, Штази болон бусад хүчний байгууллагад ажиллаж, хүний эрх зөрчиж байсан бол ажилд авахгүй байхаар тогтсон юм. Энэ логик нь нийт европын үнэн шударга шүүхийн нийтлэг зарчимд ихэд нийцсэн болно.

Өмнөх муухай системд ажиллаж, түүнтэй холбоотой байсан хүмүүсийг шийтгэх нь харьцангуй “амархан” ажил юм. Харин монголын “ардчилагчид” өөрсдөө бүхнийг хянаж” байсан дарангуй системийн үед хэрхэн яаж амьдарч байсан нь өөрөө их том асуудал юм.

Европын ардчилагчид өөрийгөө эдгээр “харгис” байгууллагатай огт, өчүүхэн төдий ч холбоогүй гэдгээ батлахыг хичээж, өөрийн намтар түүх болон досье-гээ ил болгохыг хичээж байсан нь ёс суртахууны туйлын зөв санаачлага юм.

Харин Монголын “ардчилагчдаас” нэг ч хүн, бүр ганц ч хүн хуучны аюулаас хамгаалах байгууллага хийгээд түүний тагнан мэдээлэх сүлжээтэй холбоогүй гэдгээ нотлоогүй, мөн ингэж шаардаагүй юм. Одоо зарим “ардчилагч” өөрийгөө эхээс төрөхдөө “ардчилсан” байсан, түүний төлөө “цуцалтгүй тэмцсэнээ” ойлгуулах гэж өмнөхөө мартсан бол сануулах хүн бас байдаг юм ш дээ… 

Зөвлөлт хийгээд Монгол
Тэгвэл шилжилтийн үйл явц Зөвлөлтийн Холбооны улсуудад яаж явагдсан бэ ? Тэд ЗХУ задарсны дараа буюу арай хожим ардчилалд шилжсэн нь мэдээж хэрэг.
Тэнд гол асуудал нь ардчилал биш, харин Зөвлөлт Оросоос салж, тусгаар тогтнолоо олох явдал байсан юм. 

Харин чухам энэхүү “тусгаар тогтнох” үйл явцыг Зөвлөлтийн “стан”-уудын бараг бүх хуучин коммунист удирдагчид манлайлсан юм. Иймээс тэнд “зөөлөн” шилжилт болж, хуучин удирдагчид бараг бүгдээрээ үндэсний удирдагчид болон хувирсан юм. Энэ шилжилтийн үед Казакстаны, Назарбаев, Узбекстаны Каримов, Туркмены Ниязов, Гүржийн Шеварназе, Тажикийн Рахмон Набиев, Киргизийн Акаев, Армяны Левон Тер-Петросян нар төрөн гарсныг манайхан сайн мэднэ.

Харин Монгол бол Зөвлөлтийн шууд бүрэлдэхүүнд байсан “стан”-уудтай илүү адилхан бөгөөд төстэй атлаа зүүн Европын орнуудын замаар явсан юм. Чухам энд Монголын ардчиллын “хоёрдмол байдал” оршино. Учир нь хэлбэрийн хувьд зүүн Европын ардчилсан арга замаар явсан мэт боловч мөн чанар, агуулгын хувьд Зөвлөлтийн нэгэн адил хуучин намын боловсон хүчин болон төрийн албаны системийг хэвээр үлдээсэн юм.

Өвөрмөц хийгээд тэнэг Монгол
Дээр дурдсан коммунизмаас ардчилалд шилжсэн хийгээд “шилжилтийн парадокс”-ыг судалж мэдсэн тохиолдолд манай өнөөгийн “тэнэг асуудлуудыг” онол-түүхийн хувьд ч, нийгмийн практикийн хувьд ч шийдвэрлэх бүрэн боломжтой. Үүнийг хэлсний дараа Уншигч Танд ч гэсэн хамаг юм тодорхой болсон гэж санана.
Эндээс маш олон том том асуудлууд урган гарна.

Ардчиллын эхэн үед болон явцад “хуучны элит” болон боловсон хүчний тоон харьцаа ямар байсан ? МАН-ын хэр олон боловсон хүчин “шинэ төр”-д үргэлжлүүлэн ажилласан ? АН-ын боловсон хүчин “юунаас, хаанаас” бүрдэж эхэлсэн ? МАН, АН-ын холбоо сүлбээ юунаас эхтэй ? Яагаад ганцхан Ю.Цэдэнбал болон түүний “тойрон хүрээлэгч” 13-хан хүнийг шийтгээд бусдыг нь шийтгээгүй юм ? Яагаад үүний дараа бүгдээрээ “амар сайхандаа жаргасан бэ” ? “Ардчиллын” үед нөгөө “аймшигт” тагнуул, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд ямар өөрчлөлт гарсан ? Тэдгээрийн “хуучин” боловсон хүчин хаачсан ?

Эдгээр “асар том” асуудлуудыг Монголд хэн ч сонирхон судалж байгаагүй. Хэн ч судлаагүй, бүгд “мартчихсан”, “мартуулчихсан” учраас одоо “цагаатгана, цагаатгахгүй” гэсэн хачин тэнэг хэрүүл хийгээд сууж байна.
Нам “аврах” золиос…

Мао-г яахав ? гэж Дэн Сяо Пинээс асуухад: “Түүний 70% нь зөв, 30% нь буруу. Ингэхээр тэр гавъяатай” гэж хариулсан. Энэ бол агуу Хятад ухаан юм.
Гэтэл Монголд ийм юм болсонгүй. Би энд асар том асуудлыг анх удаа хөндөж байгаа учраас дэлгэрүүлж ярихгүй, харин өөрийн олон жилийн судалгааны товч дүгнэлтийн зарим хэсгийг шууд танилцуулъя.

Ю.Цэдэнбал болон түүний “тойрон хүрээлэгч” 13 хүнийг золиос болгон туг тахиснаар хуучин системийн хамаг бузар булай, муу муухайг зөвхөн тэдэнд тохсон юм. Ингэснээр МАН өөрийгөө аварч, түүхэн “аврал” хийгээд “цагаатгалаа” олсон ба харин АН “эрс шийдэмгий” шинэчлэгч, радикал хүчин гэсэн “алдрыг” хүртсэн юм. Аль алинд нь ашигтай байв.

Тэр үеийн ардчилсан хүчний бүхий л уур хилэн, жигшил зэвүүцэл, өш хонзон зөвхөн МАН-ын эсрэг чиглэж байсан юм. Энэ бүх жигшил дургүйцлийг нэн тодорхой хүн буюу “золиосны” хүмүүс рүү тохож МАН-ыг аврах ёстой болсон ба энэ нь Ю.Цэдэнбал болон түүнийг “тойрон хүрээлэгчид” болсон юм.

Ю.Цэдэнбал аль дивангалавт буюу бүр 1984 онд албан тушаалаасаа огцорч, шууд утгаараа хэлмэгдэн “гадаад цөллөгөд” хоригдож байв. Мөн “тойрон хүрээлэгчдийн” нэлээд нь огцорч, тэтгэвэртээ аль хэдийн гарсан байв. МАН ийм л хүмүүсийг гарган ирж “лаг сүртэй шийтгэж” аваад өөрийгөө аврах нь тэр.

Тэд бүхий л ухамсарт амьдралаа Монгол орны төлөө зориулсан ба эцсийн эцэст өөрсдөө золиос болж, МАН-ын бүхий л лай ланчиг, бузар булайг нэр төр, амьдралаараа үүрч МАН-ыгаа сүүлчийн удаа бас л аварсан юм. Гэвч үүнийхээ учир утга хийгээд улс төрийн ач холбогдол, үр дагаврыг тэд ч, нам нь ч, ард түмэн ч одоо болтол ойлгоогүй яваа юм.

Нөгөө талаас тухайн үеийн МАН-ын дарга Г.Очирбат намаа бүхэлд нь аврах хамгийн “зөв” бөгөөд хамгийн ухаалаг, цорын ганц хувилбарыг олж чадсан юм. МАН-ыг үүнээс өөрөөр яаж аврах гэж ?!

Ингэж намаа “аварсны” дараа дэндүү ухаалаг Б.Даш-Ёндон эл “хэтэрхий шударга бус” байдлыг “аажмаар засах”-ыг бүхий л чадлаараа оролдсон боловч үүнийг цаад мулгуу тэнэгүүд нь огт ойлгож өгөөгүй юм.

Угаасаа нэн ээдрээт, зөрчилт, олон талт энэ асуудлыг дээр дурдсан нийгэм-түүхийн шилжилтийн парадоксын утгаар авч үзэлгүйгээр буруу зөвийг тогтоох гэж одоо хэрэлдэх чинь үнэн утгагүй. 

Ингэснээр монголын “ардчилсан хүчин” хуучин системийг бүрэн эвдэх анхдагч зорилтоосоо татгалзсан бөгөөд түдгэлзсэн. Үүний шалтгаан нь ардчилсан хүчин нийгмийн шинэчлэлийг бие даан хийх үзэл санаа, улс төр, нийгэм, боловсон хүчний нөөц чадавхигүй байсантай холбоотой.

Удаах нэн ноцтой шалтгаан нь АН-ын нэн тодорхой явцуу хэсэг цаагуураа МАН-тай ихээхэн холбоо сүлбээтэй байсан явдал юм. Хэрэв 20 гаран жил өнгөрчихөөд байхад одоо 1990-ээд оны явдлыг сөхөж тэнэг хэрүүл өдөөд байвал энийг ч гэсэн ярьж болно ш дээ…
 
Өөр цаг…
Энэ явдлаас хойш 20 гаран жил өнгөрчээ. 1990-ээд оны их хийрхэл ямар нэг хэмжээгээр намжив. Одоо цаг өөр болж байна. Түүхийг өөрөөр бодитой үнэлж эхэлж байна.

Аливаа үйлсийг цаг хугацаа шүүн тунгаадаг ёсоор манай ард түмэн Ю.Цэдэнбал хийгээд түүний журамт нөхдийн түүхэн гавъяаг одоо л үнэн мөнөөр нь үнэлж эхэлж байна. Цаг хугацааны нэлээд завсарлагатай явуулсан бүхий л төрлийн судалгаагаар манай ард түмэн Ю.Цэдэнбалын үед Монгол Улс хамгийн эрчтэй, хөгжиж, нийгмийн асар их дэвшилд хүрсэн гэж нэгэн дуугаар үнэлдэг юм.

Иймээс Ю.Цэдэнбал бол Монголын ХХ зууны манлай удирдагч мөн. 
Гэтэл энэ бүхнийг түүхэн ой санамжаас “баллуурдан арилгах” замаар “шинэ ардчилсан хувьсгал” хийх оролдлого саяхнаас гарах болсон юм. Монголчууд 20 гаран жил тархиа тасралтгүй угаалгасан учраас түүхэн болон нийгмийн ой санамж гэж юм оргүй болсон ч хэлээд өгвөл эрхбиш санах байх гэж найдана.

2013 онд Э.Бат-Үүл Лениний хөшөөг нураасан. 2014 онд Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилсөн. Энэ бүхэн Оростой хил залгаа Польш, Балти орчмын улсууд, Украин зрэг орнуудад болсон үйл явдлыг дуурайж буй хэрэг бөгөөд үүнийг барууны тусгай албадын захиалгаар хийдэг юм. Европт үүнийг 1990-ээд онд ардчилагчид нь хийдэг байсан бол одоо экстремист үндэсний үзэлтнүүд голдуу ийн үйлдэж байгаа. Эндээс АН-хан экстремистүүд болсон нь тодорхой байна.

АН 20 гаран жил хэлмэгдэл ярьж бөөн өш хонзон, занал зүхэл болсон хөгийн амьтад сууж байна. МАН “коминтерн буруутай” гэсэн ганцхан үг “мэдэх” бөгөөд хэлмэгдүүлэлтийг “шүүмжилье” гэхээр намаа “баллах” гээд, “өмөөрье” гэхээр “айгаад” чадахгүй бүр ч илүү усан тэнэг лаларууд сууж байна.
МАН, АН-ын аль алинд түүх мэддэг, түүхийн философи гадарладаг амьтан ганц ч байхгүй. Наад зах нь 1930-аад оны их хэлмэгдүүлэлт (репресси), 1950-1970-аад оны автаритар дэглэмийн хэт дарангуйлал хоёрыг ялгачихдаг амьтан энэ хоёр намд нэг ч алга байна ш дээ.

Манай намууд ийм усан тэнэг учраас шилжилтийн асуудлууд, нэн ялангуяа “хуучны” элитийг “шийтгэх болон цагаатгах” асуудлыг шийдвэрлэж чадахгүй одоо бантан хутгачихаад мэлийгээд сууж байна.

УИХ-ын Г. Уянга ганцаараа МАХН-ын Улс Төрийн Товчооны гишүүн байсан П.Дамдинд 84 насных нь ойгоор очиж баяр хүргэж байхад СБД-ийн муусайн новшнууд санал хэллээ гэж танхимаас хөөн гаргаж байна. Асар их ялгаа байгаа биз дээ ?!

Энэ мэтчилэн Г.Уянгыг Монгол Улсыг нийгмийн дэвшил, хөгжил цэцэглэлд хүргэсэн МАН-ын ахмад хөгшчүүдтэй уулзахаар МАН “хардаж”, АН “эсэргүү” гэж загнаад сууж байгааг юу гэж ойлгох юм. Өөрсдөө очиж тоож уулздаг ч юм шиг ?!

Өнгөрснөө хүндэтгэж, одоог шүүмжилж, ирээдүйгээ харж байгаа Г.Уянгыг Та муусайнууд яах юм ? 
 
Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 12 дугээр сарын 1
 
Эх сурвалж: ganaa.mn блог 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?