sonin.mn

БЕРЛИН. /Anadolu/. Сирид цэргийн ажиллагаа идэвхтэй явуулахаа мэдэгдсэний дараа, “Лалын улс”-тай хийж буй тэмцэлд Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийн хүчинтэй хамтрахгүй гэж Герман мэдэгдэв.

“Лалын улс”-тай тэмцэх өргөн эвсэл байгуулж, бүс нутгийн тоглогчид нягт хамтран ажиллах хэрэгтэй гэсэн Германы уриалгад Асадын дэглэмийн хүчин хамаагүй гэж Германы Батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдэгджээ.

“Асадтай хамтрахгүй, Асадын удирдлагын дор үйл ажиллагаа явуулдаг  ямар ч хүчинтэй хамтрахгүй” гэж Берлинд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Батлан хамгаалах яамны төлөөлөгч Йенс Флосдорф мэдэгдэв.

“Лалын улс”-тай тэмцэх олон улсын эвсэлд Сирийн армийг оруулахыг Германы Засгийн газар хэлэлцэж байгаа гэж сүүлийн үед хэвлэл мэдээлэлд таамаг дэвшүүлсний  дараа тэрбээр ингэж хэлсэн юм.

Улс төрийн шийдэл хайж буй Венын яриа хэлцээгээр дамжуулан, Сирид шилжилтийн засгийн газар байгуулахыг Герман дэмжиж, Сирийн төрийн тогтолцоо бүхлээрээ нуран унахаас сэргийлэх хэрэгтэй гэж итгэж буйг тус улсын Засгийн газрын төлөөлөгчийн орлогч Кристиан Вирц илэрхийлсэн байна.

Х.Аминаа

Эх сурвалж: “Монцамэ агентлаг”