sonin.mn

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тус хуралдаанд өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангасан талаар Шадар сайд Ц.Оюунбаатар танилцуулга хийсэн байна. Энэ тухайд Ц.Мөнхтөр, “Энэ өвөл 145 мянган өрхөд 56 сая мал өвөлжинө. Үүнийг хонин толгойд шилжүүлвэл 92.5 сая толгой мал өвөлжихөөс 7000 өрхийн 7 сая мал өөр аймаг, сумын нутагт өвөлжих төлөвтэй байна. Иймд эдгээр малчин өрх, малчидтай холбоотой асуудлаар тодорхой арга хэмжээ авч ажилласан гэж Шадар сайд танилцууллаа.

Хот суурингийн өвөлжилтийн бэлтгэл, тэр дундаа эрчим хүчний станцуудын засвар үйлчилгээ 93 хувьтай байна. Нүүрсний нөөцийн хувьд цахилгаан станцууд 20-иос доошгүй хоногийн нөөцтэй байх ёстой ч энэ хэмжээндээ хүрэхгүй байгаа юм. Тиймээс төмөр зам болон бусад байгууллагуудтай хамтарч асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм байна. Эрүүл мэндийн салбарын хувьд, ялангуяа отрын бүс нутагт өвөлжих малчдын эрүүл мэндийн асуудалд явуулын үйлчилгээ явуулахаар бэлтгэл ажил хангажээ.

Өргөн уудам нутагтай манай орны хувьд зам даваа цасанд боогдох аюул их байдаг. Тийм учраас Зам тээврийн яамнаас нийтдээ 45 цэгт 180 хүн 50 гаруй техниктэй шуурхай баг ажиллуулж байна. Энэ нь зам даваа хаагдсан үед бэлэн байдалд ажиллах боломжтой гэсэн үг. Онцгой нөхцөл байдал үүссэн үед яах вэ гэдэг дээр тодорхой арга хэмжээ авч техникийн болон мэдээллийн бэлтгэл ажлыг өндөр түвшинд хангасан гэж мэдээлж байгаа. Ялангуяа малчдад мэдээлэл хүргэх тал дээр радио, телевизийн сүлжээтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа.  Дээр нь малчдад мессэжээр мэдээлэл хүргэх ажиллагааг өргөн хэрэглэнэ гэсэн мэдээлэл өгсөн.

Мөн БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг өчигдөр 2015-2016 оны өвөлжилтийн эрсдэлийн үнэлгээг гаргаж Засгийн газрын гишүүдэд танилцуулсан. Энэ өвөл мичин жилийн зуд болно гэж тооцоолж эртнээс бэлтгэл хийсэн нь зөв байсан байж гэдгийг өчигдрийн танилцуулгаас харж болохоор байлаа. Өнөөдөр нийт нутгийн 80 гаруй хувь нь 8-12 см-ийн зузаан цастай байгаа. Мөн ойрын үед цас орж нэмэгдэхээр байна. Нийт нутгийн 40 хувь нь байдал хүндэрч зудтай өвөлжих нөхцөл байдал одоогоор ажиглагдаад байгаа. Хүйтний хувьд арванхоёрдугаар сард нэлээн хүйтэрнэ, нэгдүгээр сар ч гэсэн хүйтэрч цас нэмэгдэх төлөвтэй байгаа. Цаашдаа байдал яаж өрнөхийг сар бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулна гэсэн мэдээлэл өглөө" гэв.

Б.Туул

 

Эх сурвалж: “Монцамэ агентлаг”