sonin.mn

"Монголын Тэргэнцэртэй иргэдийн Үндэсний холбоо"-ны 10 жилийн ойн баярын хурлыг өчигдөр зохион байгууллаа. 

Уг хуралд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хүндэт зочноор оролцож, "Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо"-той 8 жилийн турш хамтран ажиллаж байгаа бөгөөд "Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн гарын авлага" номыг хэвлүүлэн гаргахад өөрийн зүгээс хувь нэмрээ оруулж буйгаа дуулгаад хүүхдүүдэд бэлэг гардуулан өглөө.

"Монголын Тэргэнцэртэй иргэдийн Үндэсний холбоо" нь 2005 онд тэргэнцэртэй иргэдийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан бөгөөд хүн бүр саадгүй ажиллаж амьдрах тэгш оролцоот хүртээмжтэй нийгмийг бий болгоход хувь нэмрээ оруулах, барилга дэд бүтэц гэх мэт бүтээн байгуулалтын ажлууд хөгжлийн бэрхшээлтэй иргэд чөлөөтэй зорчих боломж нөхцөлийг хангаж буй эсэх талаар хяналт үнэлгээ хийх, нийт гишүүдийнхээ дуу хоолой болж ажиллахад чиглэсэн үндэсний хэмжээний төрийн бус байгууллага юм. 10 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотод амьдарч буй холбооний гишүүдийн төлөөлөл 120 тэргэнцэртэй иргэн, ХАХНХЯ-ны төлөөлөгч болон тус холбоог дэмжин хамтарч ажилладаг олон улсын , олон нийтийн байгууллагуудын төлөөлөл баярын хуралд оролцлоо.

Түүнчлэн  тэргэнцэртэй иргэдэд зориулсан тусгай хэрэгцээт иргэдэд дуудлагаар үйлчилгээ үзүүлэх Wheelchair Taxi төсөл хэрэгжиж нээлтээ хийн хөгжлийн бэрхшээлтэй 5 иргэн ажлын байртай болжээ.

Н.Туяа

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг