sonin.mn

УИХ дахь Бие даагч гишүүдийн зөвлөлийг төлөөлж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Үндсэн хуулийн өөрчлөлт бол цаг нь биш гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар өнгөрсөн долоо хоногт хөдөө орон нутагт ажилласан байна. Гишүүд үеэрээ Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөөр асуудлаар иргэдийн саналыг сонсоход, “Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх цаг нь биш. Мөн сонгуулийг жагсаалтаар явуулахыг дэмжихгүй байна" гэдгээ илэрхийлсэн байна. Тиймээс гишүүд иргэдийн гаргасан байр суурьтай нэг байгаа гэлээ.

Бие даагч гишүүд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг төслийг дэмжиж байгаа аж. Тус хуулийн хамгийн сүүлийн хувилбарыг 1999 онд хэлэлцсэн. Түүнээс хойш нийгэм, эдийн засгийн харилцаанд олон өөрчлөлт гарсан учир зайлшгүй өөрчлөгдөх шаардлагатай гэж тэд үзэж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Аудитын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай зэрэг хуулийн төсөл дээр мөн дэмжсэн байр суурьтай хандана гэдгээ Ц.Даваасүрэн гишүүн хэллээ.

Харин Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд компанид хариуцлага хүлээлгэх заалт оруулж байгааг дэмжихгүй гэлээ. Учир нь хувийн хэвшлийн эзэн хүн компанидаа хэргээ шилжүүлдэг байж болохгүй гэж гишүүд үзэж байна. Мөн бусдыг гүтгэх заалтыг зөрчил гэж үзэж болохгүй, энэ заалтыг эрүүгийн хуулинд тусгах нь зөв гэсэн юм.

Үүний зэрэгцээ “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн долоо хоног хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийх үеэрээ “Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт гацаанаас гарч, бодит ажил хэрэг боллоо. Олон улсын банкууд 4,2 тэрбум ам.долларын төслийн санхүүжилт олгохоор энэ 7 хоногт эцэслэн шийдвэрлэсэн байна. Ирэх 12 сарын 16-нд Улаанбаатар хотод албан ёсоор баталгаажуулж, олон улсад зарлахаар товлолоо” хэмээн мэдээлсэн нь ташаа мэдээлэл гэж Ц.Даваасүрэн гишүүн мэдээлэв.

Тэрбээр, “4,2 тэрбум ам.доллар манай дансанд орж ирсэн бол валютын ханш навсайтлаа унах байсан. 4,2 тэрбум ам.долларыг Оюутолгойг барьцаалж, Рио-Тинто авч байгаа зээл. Түүнээс 2 тэрбум ам.долларыг гүний уурхайд хэрэглэх байх. Нийтдээ бол 6,1 тэрбум ам.долларыг авсны 2 тэрбум ам.долларыг нь шууд өөрсдөө авчихсан. 4,1 тэрбум ам.доллараа өөрсдийн дансандаа байршуулж байгаад хүсэлт гаргасны дагуу Оюутолгойн гүний уурхайд ашиглана гэж байгаа. Монголын дансанд ийм мөнгө орж ирээгүй. Рио-Тинтогийн дансанд ийм мөнгө орж ирэх нөхцлийг Засгийн газар бүрдүүлсэн” гэв.

Б.Туул

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг