sonin.mn

 

Монгол Улсад ХДХВ-ын халдварын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш энэ оны эхний 11 сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 194 тохиолдол бүртгэгдлээ хэмээн ЭМСЯ-наас мэдээллээ.

НҮБ-ын хийсэн тооцооллын дагуу Монгол Улсын хэмжээнд 2015 оны эцсийн байдлаар ХДХВ-ын халдвартай 860 хүн байх магадлалтай байна.

Бүртгэгдсэн тохиолдлуудын 98.4 хувь нь ХДХВ-ын халдвар бэлгийн замаар дамжсан нь тогтоогдсон бөгөөд бусад тохиолдлуудын хувьд судалгааны ажил үргэлжлэн хийж байгаа аж.
ХДХВ-ын халдварын үедээ оношлогдсон 81.3 хувь, ДОХ-ын шатандаа оношлогдсон 18.7 хувь, нас барсан 26 тохиолдол бүртгэгдсэн байна.

ДЭМБ-аас зөвлөсөн үр дүнтэй нь батлагдсан ретровирусын эсрэг эмчилгээ болон урьдчилан сэргийлэлтийн үйл ажиллагааг Монгол Улс өөрийн орны нөхцөлд тохируулан ХДХВ, ДОХ-ын эмчилгээ тусламж үйлчилгээндээ хэрэглэж байгаа юм. Иймд эмчилгээ урьдчилан сэргийлэлтийн шинэлэг үйлчилгээ нэвтэрсэн өнөө үед ХДХВ-ын халдвартай эсэхээ эрт мэдсэний үндсэн дээр өөрийгөө болон гэр бүл, хайртай дотны хүмүүсээ халдвар авах эрсдлээс хамгаалах бүрэн боломжтой хэмээн эмч, мэргэжилтнүүд хэлж байна.

Ж.Болор

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг