sonin.mn

БЭЭЖИН. /Yonhap/. Дэд сайдын түвшний уулзалтыг ирэх сард хийх тухай Өмнөд болон Умард Солонгос тохиролцоонд хүрснийг Хятад сайшааж, удахгүй болох уулзалт үр өгөөжөө өгнө гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.

Хил дамнасан түгшүүртэй байдлыг намжаах шинэ оролдлогын хүрээнд, дайныг зогсоосон Панмүнжом тосгонд ажлын түвшний уулзалт хийсний үр дүнд Умард Солонгосын хилийн Кэсон хотод 12 дугаар сарын 11-нд яриа хэлцээ хийхээр Сөүл, Пхеньян тохирсон юм.

“Хоёр тал зөвшилцөлд хүрснийг бид сайшааж байна” гэж уг хэлэлцээний талаарх асуултад тогтмол болдог хэвлэлийн бага хурлын үеэр Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Хун Лэй хариулсан байна. “Хоёр талын Засгийн газар хоорондын яриа хэлцээ асуудалгүй өрнөж, үр өгөөжөө өгнө гэдэгт найдаж байна” гэж тэрбээр нэмж хэлжээ.

8 дугаар сард Умард Солонгос газарт мина суурилуулж Өмнөд Солонгосын цэргүүдэд халдсаны дараа эвлэрэх олон арга хэмжээг авахаар, дээд түвшний уулзалтыг ахин сэргээж, 1950-1953 оны Солонгосын дайны үед хуваагдсан гэр бүлүүдийг уулзуулахаар Сөүл, Пхеньян тохирсон юм. 

Х.Аминаа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг