sonin.mn
Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас Турк улсын агаарын хилийг зөрчсөн цэргийн онгоцыг унагасан гэх асуудлаар тайлбар мэдээлэл гаргав.
Мэдээлэлд, "Харьяалал нь тодорхой бус Су-24 төрлийн 2 онгоц 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө Хатай мужийн Яаяладагы бүсэд манай улсын хилтэй маш ойрхон зайд ниссэн болох нь радарт тэмдэглэгдсэн.
 
Үүний дагуу дээрх онгоцуудад цэргийн командаас Туркийн агаарын хилд хэт ойртсоныг 5 минутын туршид 10 удаа сануулж хил зөрчихгүй байхыг анхааруулсан. Хэдийгээр тийм боловч хоёр онгоц Яаяладагы бүсэд 09 цаг 24 минутад зүүнээс баруун чиглэлд агаарын хилийг зөрчсөн.
 
Хил зөрчсөн эхний онгоц манай агаарын хилээс гарсан ба хил зөрчсөн нислэгийг үргэлжлүүлсээр байсан хоёр дахь онгоц руу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан манай F-16 байлдааны онгоцноос гал нээсэн. Оногдсон онгоц Сирийн хил дотор унасан. Сөнөөгдсөн онгоцны зарим эд анги Турк Улсын хил дотор унасан бөгөөд үүний улмаас манай улсын хоёр иргэн шархадсан.
 
Сөнөөгдсөн онгоц нь ОХУ-ын онгоц байсан болох нь тус улсын албаныхны зүгээс хийсэн мэдэгдлээс тодорхой болсон. Энэ хүрээнд сөнөөгдсөн онгоц руу Турк Улсын хилийг зөрчиж байх үед гал нээсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
 
Сирийн агаарын орон зайнаас манай улсын агаарын орон зайд нэвтэрч хил зөрчсөн нисэх онгоцонд чиглэсэн ажиллагааны журмыг өмнө нь холбогдох бүх талуудад цаг хугацаанд нь нээлттэйгээр тайлбарласан байсан.
 
2015 оны 10 дугаар сарын 3 болон 4-ний өдрүүдэд Оросын Холбооны Улсын онгоцууд манай агаарын хилийг зөрчсөний дараагаар манай улс өөрийн ажиллагааны журмаа Анкара болон Москва хотуудад Орос Улсын хамгийн дээд хэмжээний албанаас эхлээд бүхий л шатанд тайлбарлаж сануулсан байна.
 
Энэ хүрээнд манай улсын нисгэгчиднь Сири Улсаас манай агаарын орон зайнд нэвтэрч хил зөрчсөн цэргийн нисэх онгоцыг аль ч улсын харьяат байсан үл харгалзан сөнөөх байнгын даалгавартайг, мөн ижил төрлийн зөрчил давтагдсан тохиолдолд үүсч болох нөхцөл байдлын бүх хариуцлагыг Оросын тал үүрэхийг манай улсын Гадаад хэргийн яаманд уригдаж ирсэн Оросын Холбооны Улсын Элчин сайдад тодорхойилэрхийлж дахин хил зөрчихгүй байх нь чухал болохыг онцолсон байна.
 
Ажиллагааны журмыг Оросын Холбооны Улсын албаныхан мэдсээр байсан ч сүүлд болсон үйл явдалд радараас хэд дахин сануулга өгсөөр атал үүнийг нисч явсан онгоцууд анхааралдаа аваагүй болно.
 
Үүний үр дүнд агаарын хил зөрчсөн, тухайн үед харьяаллыг нь тогтоох боломжгүй байсан онгоцыг заналхийлэл учруулж буй хэмээн үзсэнээр ажиллагааны журмыг хэрэгжүүлсэн байна.Энэ бол бидний зүгээс огтхон ч хүсээгүй нөхцөл байдал юм. Энэхүү үйл явдалд харамслаа илэрхийлж байна.
 
Оросын талд ийм нөхцөл байдал үүсэхээс зайлшгүй сэргийлэх шаардлагатай талаар олон дахин мэдэгдсэн бөгөөд, энэ талаар шаардлагатай тайлбар болон анхааруулгыг дэлгэрэнгүй, нээлттэй бөгөөд дотно байдлаар олон дахин удаа хийсэн болохыг тэмдэглэж байна. Иймд манай улс бий болсон үйл явдалтай холбоотой хариуцлага хүлээхгүй болно.
 
Сөнөөгдсөн онгоц нь Оросын Холбооны Улсынх болох нь тус улсын албаныхны зүгээс хийсэн мэдэгдлийн дараагаар тодорхой болсон бөгөөд манай агаарын хилийг зөрчсөн үндэслэлээр сөнөөгдсөний дараагаар тус нөхцөл байдлыг НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга болон Аюулгүйн зөвлөлийн гишүүдэд илтгэсэн.
 
Үүний хажуугаар НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудын Анкара дахь Элчин сайд нарыг тус улсын Гадаад хэргийн яаманд урьж мэдээлэл өгсөн байна.
 
Турк Улсын агаарын хил нь халдашгүй дархан бөгөөд мөн НАТО-ийн агаарын хил юм. Иймд манай хүсэлтийн дагуу НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга 2015 оны 11 дүгээр сарын 24-ний орой НАТО-ийн зөвлөлийг байнгын бус хуралдаанд цуглуулж холбоотон орнуудад мэдээлэл өгсөн байна. Холбоотон орнууд манай улстай нягт хамтын ажиллагаатай байхаа илэрхийлсэн.
 
НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга хуралдааны дараагаар хэвлэлд өгсөн мэдэгдэлдээ, Оросын Холбооны Улсын НАТО-ийн хилийн ойролцоох цэргийн ажиллагааны үр нөлөөллөөс түгшиж буйгаа өмнө нь илэрхийлсэн болохыг сануулаад бий болсон үйл явдал, энэ төрлийн нөхцөл байдлаас зайлсхийх зорилгоор хийгдсэн зохицуулалтанд хүндэтгэлтэй хандахын ач холбогдлыг дурдаад өмнө нь удаа дараалан илэрхийлсэнчлэн НАТО нь Турк Улстай нягт хамтын ажиллагаатай байж холбоотон орныхоо газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахаа илэрхийлсэн байна.
 
Мөн, НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн даргань бусад холбоотон орнуудын дийлэнхээс авсан мэдээлэл, дүгнэлт нь Туркийн талаас авсан мэдээлэлтэй нийцэж байгааг цохсон байна.
 
Манай улсын Ерөнхийлөгч,, АНУ болон Францын Ерөнхийлөгч нартай, Ерөнхий сайд Англи, Итали болон Испаниийн Ерөнхий сайд нартай холбогдож дээрх явдалын талаар мэдээлэл өгсөн байна.
 
Манай улсад энэхүү үйл явдлыг асуудал болгон дэвшүүлэх зорилго байхгүй болно. Мөн манай улс өөрийн бүрэн эрх хийгээд газар нутгийн халдашгүй дархан байдалд учирсан заналхийллийг тэвчих нь ч байж боломгүй юм.
 
Бид Сирийн хямралыг ч тэр, сүүлд бий тохиолдсон үйл явдлыг ч тэр Турк-Оросын хямрал гэж үзэхгүй байна. Энэ удаадтухайн үед харьяалал нь тодорхой бус байсан нисэх онгоцыг хил зөрчихөөс өмнө болон зөрчиж байх үед удаа дараалан анхааруулсаар байтал үйлдлээ зогсоогоогүй нь манай улсажиллагааны журмыгхэрэгжүүлж байг онилоход хүргэсэн байна. Оросын албаныхантай энэ асуудлаар болон бүс нутгийн асуудлаар өнгөрсөн хугацаанд хийж байсан хоёр талын бүтээлч яриа хэлэлцээрийг өнөөдөр ч хийхэд татгалзах зүйлгүй.
 
Мөн Венийн конвенцийн дагуу Орос улсад суугаа дипломат болон консулын төлөөлөгчдийн газруудын аюулгүй байдлыг хангах үүднээс Оросын талыг шаардлагатай арга хэмжээг авна гэдэгт найдаж байна.
 
Нөгөө талаас сөнөсөн онгоцны нэг нисгэгчийн биеийн байдал сайн байгаад таатай байна. Нөгөө нисгэгчийн тухайд Оросын талаас хийж буй хичээл чармайлтад бүх талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна" гэжээ.