sonin.mn

Дорноговь аймгийн нутагт орших Хангийн хилийн боомт маргаашнаас эхлэн байнгын үйл ажиллагааны горимд шилжинэ.

Хангийн хилийн боомт, Дарханмуумянган хошууны Мандал боомтын байнгын ажиллагааны нээлтийн арга хэмжээ энэ сарын 28-нд болсон байна. Боомтын байнгын ажиллагааны нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Д.Бэхбат, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг болон бусад албаны хүмүүс оролцов.

Хангийн боомт байнгын үйл ажиллагаатай болсноор ачаалал багасч, хил орчмын иргэд чөлөөтэй зорчих, их хэмжээний бараа бүтээгдэхүүн, түүхий эд оруулах мөн гаргах боломжтой болох бөгөөд цаашид бүс нутгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэж хоёр тал үзэж байгаа юм.

Цаашид Хангийн хилийн боомтын орчимд их хэмжээний бараа бүтээгдэхүүн, түүхий эд ачиж буулгах томоохон төв, боомт түшиглэсэн суурьшлын бүс барих, Зүүнбаян Хангийн хил хүртэл засмал зам зэргийг барих аж.

Б.Туул

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг