sonin.mn

 

Хөдөлмөрийн яам, Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо ТББ хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан Wheelchair Taxi төслийг санаачлан хэрэгжүүлжээ.

 

Тусгай хэрэгцээт иргэдэд дуудлагаар үйлчилгээ үзүүлэх Wheelchair Taxi төсөл хэрэгжсэнээр тус холбоо нь гишүүддээ тогтоосон журмын дагуу такси үйлчилгээг хүргэхээс гадна, уг үйлчилгээний зохион байгуулалтанд 5 хөгжлийн бэрхшээлтэй иргэн оролцож ажлын байртай болж байгаа ажээ. 

Дэлхий нийтэд нийтийн такси үйлчилгээ нь дуудлагын такси буюу хаалганаас хаалганд хүргэх, жуулчид буюу бүлэг хүмүүсийг тээвэрлэх, илгээмж хүргэлтийн, нисэх буудал, галт тэрэгний буудал дээрээс үйлчлэх, гудамжны такси, түрээсийн такси, wheelchair такси \тэргэнцэртэй такси\ гэх мэт олон хэлбэрээр хөгжиж байна.

НҮБ-аас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн Эрхийн тухай конвенцийг 2006 онд баталсантай холбогдуулан АНУ-д тэргэнцэртэй иргэдэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх “Wheelchair taxi” үйлчилгээг анх бий болж байсан бол одоо дэлхийн олон орон энэ төрлийн үйлчилгээг хөгжүүлээд байна. “Wheelchair taxi”үйлчилгээ нь хүмүүсийн ялгаатай хэрэгцээг хангаж байгаа тул нийтийн тээврийн үйлчилгээний нэг хэлбэр болон зайлшгүй байх ёстой хэмээн конвенцид нэгдэгч улс орнууд хүлээн зөвшөөрдөг.

Улаанбаатар хотод 2040 бага болон том оврын автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаагийн 90 хувь нь тэргэнцэртэй иргэд зорчих боломжгүй байдаг тул тэдэнд тулгардаг хамгийн том саад нь саадгүй зорчих явдал юм. Энэ бэрхшээлийг багасгахад Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан Wheelchair Taxi төсөл чухал хувь нэмэр болох юм.