sonin.mn
Д.Тэрбишдагватай уулзаж ойрын үед УИХ-аар хэлэлцэгдэж байгаа, хэлэлцэхээр бэлтгэгдэж буй нийгэмд хүлээлт үүсгэсэн гол хуулиуд болон Монголын улстөрийн өнөөгийн байдал, улс орны эдийн засгийн талаар сонирхон ярилцлаа.
 
-Та бид хоёрт ярилцах сэдэв олон бий. Гэхдээ эхлээд өнөөдөр Монголын нийгэмд хамгийн их хүлээлт үүсгэж, хэл амны бай болсоор байгаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаас эхэлье. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд эхлээд Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулна гэж байна. Тэгээд дараа нь Үндсэн хуульдаа хуулийн хугацаанд “гар хүрч” амжих уу? 
 
-Энэ бол өргөн хүрээтэй, том асуудал учир хувь улстөрчийнхөө л байр суурийг илэрхийлье. Одоогийн мөрдөгдөж байгаа Үндсэн хууль хууль эрхзүйн хувьд сайн боловсруулагдсан ч гэлээ өнөөдрийн нийгмийн хөгжлийн бодит шаардлагуудын улмаас зарим өөрчлөлтийг оруулах зайлшгүй зүйл болоод байгаа юм. Хамгийн гол нь энэ тулгуур хуулийнхаа өөрчлөлтийг маш нухацтай хэлэлцэх ёстой.
 
Зөвхөн энэ парламентын гишүүдээр тогтохгүй үе үеийн гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд, хуульчид гээд өргөн хүрээг хамарсан “нийт ард түмний дунд үндэсний хэлэлцүүлэг” явуулах нь зүйтэй гэж үзэж байна. Хамгийн чухал нь иргэдийхээ санал бодлыг маш сайн сонсох, тусгах шаардлагатай. 
 
Гэхдээ өнөөдөр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн хугацаа 45 хоног үлдчихээд байгаа учир амжихгүй болов уу. Нөгөөтэйгүүр энэ парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль эрхзүй, ёс зүйн чадамжгүй бөгөөд Үндсэн хуулиа зөрчиж байгуулагдсан шүү дээ. Учир нь 2012 оны тавдугаар сарын 2-ны өдөр “Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалтын холбогдох хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай” Үндсэн хуулийн Цэцийн тогтоол гарсан байдаг. 
 
Тэр тогтоолд “2011 оны арванхоёрдугаар сарын 15-нд шинэчлэн батлагдсан Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль нь Үндсэн хуулийн 3.1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, мөн 21.2 дэх заалтад “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.” гэснийг зөрчсөн гээд маш тодорхой заачихсан.
 
Гэтэл 2011 оны арванхоёрдугаар сарын 15-нд нэмэлт өөрчлөлт оруулсан УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 4.9-д “Нэрийн жагсаалтын эхний 48-аас илүүгүй нэр дэвшигчийг сонгуулийн 26 тойргоос, 28-аас илүүгүй нэр дэвшигчийг улстөрийн нам буюу улстөрийн намуудын сонгуулийн эвслийн жагсаалтаас тус тус сонгоно” гэсэн нь Үндсэн хуулийг зөрчиж, иргэдийн сонгох эрхэнд халдсан тул энэ удаагийн УИХ нь хууль эрхзүйн ямар ч чадамжгүй бөгөөд эхнээсээ хууль зөрчин байгуулагдсан нь батлагдсан.
 
Өөрөөр хэлбэл өнөөдрийн 76 гишүүний 48 нь ард түмнээс, 28 нь намын жагсаалтын ард нуугдсаар, Үндсэн хуулийн 3.1,21.2, 23.1 дэх хэсгийн заалтуудыг зөрчиж УИХ-ын танхимд орж ирсэн хүмүүс учир Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хууль эрхзүйн болон ёс суртахууны эрхгүй ээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ард нийтийн санал асуулга явуулаад дараагийн УИХ-ын бүрэн эрхийн эхний жилд багтааж энэ өөрчлөлтийг хийх хэрэгтэй л гэсэн байр суурьтай байгаа. 
 
-Монголын улстөрчид Шинэ жил, Цагаан сар, улсын баяраар хүмүүсийн анхаарал сарнисан үед гол хуулиудаа хулгайн аргаар сэмхэн баталдаг УИХ-ын сонгуулийн тухай хуульд энэ шинэ жилээр өөрчлөлт оруулахаар тохиролцоод байгаа юм бишүү? 
 
-Тиймэрхүү булхай нуугдаж байхыг үгүйсгэхгүй. Миний судалснаар 2006 оноос хойш 200 орчим хууль, тогтоомжийг ямар нэгэн баяр ёслолын үед баталсан байдаг. Баяр ёслолыг далимдуулсан эдгээр 200 хууль дотор “Бушуу туулай борвиндоо баастай хуулиуд” дийлэнх байгаа нь тун харамсалтай. Баяр ёслолыг далимдуулан чухал хуулийг баталдаг жишээнээс дурдвал Үндсэн хуульд л гэхэд хоёр удаа өөрчлөлт оруулсан нь 1999 оны арванхоёрдугаар сарын 24, 2000 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрүүд байх жишээтэй.
 
Байдал ийм байгаа учир энэ удаа яагаад ч шинэ жилийг далимдуулан Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй. 
Өнөөдөр хууль тогтоох дээд байгууллагын ажил ийм хариуцлагагүй, замбараагүй байгаа учир сүүлийн үед “Бүгдээрээ сайн дураараа тарж дахин сонгууль хийе. Ард түмнээсээ уучлалт гуйгаад, шинэ Их хурал, шинэ Засгийн газарт ард түмнээсээ сонгогдсон эх орныхоо төлөө сэтгэлтэй, хариуцлага дааж ажиллах чадвартай хүмүүст итгэл үзүүлье” гэдэг саналаа тавьж байгаа.
 
-“Шударга ёс” эвсэл анх “Монгол Улсыг нэг том тойрог гэж үзээд 76 гишүүнийг тойргоос сонгоё” гэж байсан. Одоо харин энэ байр суурь өөрчлөгдсөн юмаа даа? 
 
-Манай эвслийн бүлгээс анх 76 гишүүнийг бүгдийг тойргоос, ард түмний шууд санал хураалтаар сонгоё гэсэн санал дэвшүүлж байсан. Харамсалтай нь ажлын хэсгүүд хуралдсаар байгаад “Шударга ёс” эвслийн дээрх саналыг УИХ-ын аль ч бүлэг, намууд зөвшөөрөхгүй пропорционал хэлбэр рүү оруулъя гэж хүч түрж байна. Эцэст нь бид жижиг тойрогт 38, үлдсэн 38-ыг нь бүх ард түмнээс жагсааж сонгоё гэж саналаа хэлж байгаа.
 
Энэ хэлбэрээр сонгууль явуулбал “намын жагсаалт гэхээсээ илүүтэй хувь хүнд ард түмний өгөх саналын илүүгээр, нэг ёсондоо өрсөлдөөний шударга зарчмаар тухайн нэр дэвшигч гарч ирэх боломжтой” болж, Үндсэн хуулийн тулгуур зарчимд нийцэх юм. Намын нэрийн ард нуугдаж биш, 38 хүнийг шууд ард түмнээсээ сонгох нь шууд ардчиллын зарчимд ч нийцнэ. Арай дэлгэрэнгүй тайлбарлавал 38 нэр дэвшигчийг 26 тойргоос, үлдсэн 38-ыг нь нэг улс нэг тойрог гэсэн зарчмаар сонгоод гаргаж ирнэ гэсэн үг л дээ. 
 
-Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж амжих нь уу? 
 
-Нуулгүй хэлэхэд нам болгон өөр өөрсдөдөө зориулан УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар улайрч байна. АН, МАН-ынхан пропорционал систем буюу 48:26 харьцаагаар 2016 оны сонгуулийг явуулах гэж зүтгэх шинжтэй. Миний хувьд Үндсэн хуульд тулгуурлан “Шударга ёс” эвслээс дэвшүүлсэн дээрх 38:38 хэлбэрийг тууштай хамгаалах болно.
 
Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчиж сонгууль явуулан УИХ байгуулагдвал цаашдынх нь үйл ажиллагаа ч мөн л бүгдээрээ хууль зөрчсөн, алдаа мадагтай болно. Хуулиа зөрчихөөр ямар алдаанд ордгийг хоёр жишээн дээр хэлье. 2008 оны сонгуулийн үеэр ард түмэн МАХН-д бараг 60-аад хувийн санал өгчихөөд байхад дангаараа Засгийн газар байгуулалгүй, Үндсэн хуулиа зөрчин хамтарсан Засгийн газар байгуулж МАНАН-туулсан.
 
Тэр үед МАНАН байгуулах шалтгаан нь долоодугаар сарын 1-ний үймээний асуудлыг намжаах, нийлцгээгээд хараа хяналтгүйгээр Оюутолгой, Тавантолгойг хувааж идэх гэсэн сонирхлын үүднээс л С.Баярын өөрийх нь тодорхойлсон “Стандарт бус Засгийн газар” байгуулагдсан түүхтэй. Оюутолгойг РиоТинтод “бэлэглэсэн” энэ луйврыг хийсэн нам ба улс дамжсан эдийн засгийн луйврын бүлэглэл хагартлаа баяжиж, зарим нь гадаад руу оргон зайлцгаасан байна шүү дээ. 
 
Дараагийн жишээ нь Үндсэн хууль зөрчсөн 2012 оны УИХ-ын сонгууль юм. МАХН-ын дэд даргын хувьд намын жагсаалтад дээгүүр бичүүлж, шууд сонгогдох бүрэн боломжтой байлаа. Гэхдээ миний хувьд “ард түмний шударгаар саналаа өгөх эрхийг боомилж, Үндсэн хуулийн бус аргаар намын жагсаалтад нэрээ бичүүлж УИХ-н гишүүн болж болохгүй” гэсэн хатуу байр суурьтай байж Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулсан.
 
МАХН-ын дэд даргын хувьд тухайн үед АН, МАН-ын дарга нарт “Бүгдээрээ тойрогт өрсөлдөж, ард түмнээсээ шударгаар сонгогдоцгооё” гэж уриалж байсныг манай сонгогчид санаж байгаа байх. Гэтэл “том” гэгддэг энэ хоёр намын дарга нар намын жагсаалтын ард ичихгүй нуугдсаар байгаад л УИХ-д орж ирсэн нь хаашаа ч бултахын аргагүй үнэн шүү дээ. 
 
Ер нь хууль зөрчсөн үйл ажиллагаа болгоны дараа хууль зөрчсөн булхай луйвар, хулгай, наймаалцал явагддаг. Би хэзээ ч энэ хоёр намын удирдлагууд шиг намын жагсаалтын ард нуугдаж ард түмэн, сонгогч олноо хуурахгүй. Одоо сонгуулийн 48:28 хувилбарыг үхэн хатан зүтгүүлж байгаа АН, МАН-ын жагсаалтын эхний дөрөв, тавд бичигдэх хүмүүс “Би 2016 оны УИХ-д сонгогдчихсон” гээд аль хэдийн дараагийнхаа наймаалцал, луйврыг эхэлчихээд байгаа нь нууц биш шүү дээ. Бэлээхэн нэгэн түүхийг сөхвөл 2012 оны сонгуулийн өмнө намын жагсаалтын эхний тавд бичигдсэн, өнөөдрийн УИХ-ын нэг биш гишүүн “Би УИХ-ын гишүүн болчихлоо” гээд найр хийж байсан талаар ард түмэнтэйгээ уулзаж явахад дурдаж байсныг сануулахад илүүдэхгүй биз ээ. 
 
-Саяхан Шийдлийн Зас¬гийн газрын нэг жилийн ой болж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлсэн. Энэ Засгийн газрын өнгөрсөн нэг жилийн ажлыг өмнөх Засгийн газарт нь Шадар сайд байсны хувьд та хэрхэн дүгнэж байгаа вэ?
 
-Яах вэ, бүхнийг харлуулах, муу хэлэх сонирхол надад алга л даа. Гэхдээ нам, улсын ажилд зүтгэхдээ олж авсан “Ямар ч ажлыг хариуцлага, сахилгатай, чин үнэнчээр хийх ёстой” гэсэн миний баримталдаг зарчмын үүднээс аваад үзвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн толгойлсон энэ Засгийн газрын ажилд хангалттай гэсэн үнэлгээ өгөх үндэслэл алга даа. Энэ хүн анх “Эдийн засаг, эдийн засаг, бас дахин эдийн засаг” гэсээр гарч ирснийг манай иргэд санаж л байгаа.
 
Тэгвэл бүтэн жилийн дараа эргээд харахад эдийн засаг сайжрах нь байтугай тасралтгүй уруудаж байна. Монголчуудын амьжиргааны гол эх булаг болсон мал, малын гаралтай түүхий эдийн үнэ урьд өмнө байгаагүйгээр уначихлаа. Ард түмний амьдрал маш хүнд болж байгаа энэ үед шийдлийн Засгийн газрын хэрэгжүүлж байгаа бодлогыг яаж ч сайнаар харах гээд үнэхээр болохгүй байна. Ний нуугүй үнэнийг хэлэхэд шинэчлэлийн Засгийн газрын үед хийж хэрэгжүүлсэн ажил, олсон ололт дээр л Ч.Сайханбилэг тоглолт хийсээр өнөөдөртэй золголоо.
 
Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар жилдээ хоёр удаа, эсвэл бүр зайлшгүй шаардлагатай үед гадаад томилолтоор явдаг, хамгийн гол нь ажлын бус хагас сайн өдөр Засгийн газрын хуралдааныг маш үр бүтээлтэй хийж, бүтэн сайн өдөр нь хариуцсан салбарынхаа ажилтай биечлэн танилцдаг байлаа. Ерөнхий сайд Н.Алтанхуягтай бүх сайд хамтран ажиллах гэрээ байгуулахдаа “Өдөрт 12 цагаас доошгүй хугацаагаар ажиллана” гэж гарын үсгээ зурж, бүгдээрээ зүтгэж ажиллаж байсан юм. 
 
Тэгвэл өнөөдөр шийдлийн Засгийн газар хагас бүтэн сайнд ажиллаж байгаа зүйл алга. УИХ-ын нэгдсэн чуулганаар салбарынх нь асуудлыг хэлэлцэхэд оролцож байгаа сайд тун ховор боллоо. Сая улсын төсөв батлах үед Ч.Сайханбилэгийн танхимын сайд нарын барааг нь харах гэж, үгүй ядаж өөрийнх нь салбарын төсвийг хэлэлцэх үед сайдыг нь биечлэн байлцуулах гэж ямар их зүдрэв, яаж их эрэл сурал болов доо. Ялангуяа “улсын төсөв батлах үед сайд нар гадаадад томилолттой байгаа нь гэмт хэрэг” гэж үзэхэд ч болох юм. 
 
Төсвийнхөө талаар наад захын мэдэгдэхүүнгүй, түүнийгээ батлахад оролцоогүй сайдтай ийм Засгийн газар яаж ч амжилттай ажиллах билээ дээ. Ямар ч ажлын хариуцлага, сахилга, дэг журам харагдахгүй байна. Эндээс дүгнэхэд Ч.Сайханбилэг сайдын “Эдийн засаг эдийн засаг, бас дахин эдийн засаг”-аас илүүтэй “Хариуцлага, хариуцлага бас дахин хариуцлага” л энэ Засгийн газарт дутагдаж байна гэдгийг хэлмээр байна. Яг үнэндээ Ч.Сайханбилэг шинэчлэлийн Засгийн газрын үед эхлүүлсэн зам, цахилгаан станц, үйлдвэрүүдийн нээлт дээр л тууз хайчлаад яваа болохоос биш энэ шинээр эхлүүлсэн бодитой ажлыг олж харахгүй байна. Иймээс богино хугацаанд үр дүн гаргахын тулд илүү өндөр хариуцлагатай, эрч хүчтэй ажиллахыг шахаж шаардах болно. Үүнийг шүүмжлэл гэхээсээ илүүтэйгээр зөвлөмж, санал гэж ойлгох байх гэдэгт найдаж байна.
 
-Шийдлийн Засгийн газар шинээр хийсэн бодитой ажлыг та олж харахгүй байна гэлээ. Тэгвэл Дубайн гэрээг шинээр хийгээгүй хэрэг үү? 
 
-Өөрөө яг олж асуулаа. Тийм ээ. Ч.Сайханбилэг шөнөөр Дубайд нисэн очиж Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээ гэдэгт гарын үсэг зурсныг бид бүгдээрээ мэднэ. Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар үүнээс хэдхэн сарын өмнө МАН-д хадаг барьж баахан амлалт өгөн С.Баярын МАНАН-г сэргээж, “МАНАН-гийн Засгийн газар”-аа дахин байгуулсан.Монгол Улсын язгуур эрх ашигт харшилсан Оюутолгойн МАНАН-туулсан алдаатай гэрээг Дубайд очин баталгаажуулж бас л дахин МАНАН-туулсан. 
 
Тэгснээ энэ Дубайдсан гэрээнийхээ дараа “Одоо та нар яв” гээд нөгөөдүүлээ Засгийн газраасаа хөөчихсөн. “Нэг нь яасан ч дуртай очдог юм, дараа нь яасан ч хурдан хөөгдөөд явчихдаг” юм гэлтэй. Оюутолгойд хийсэн ажлын хэсгийн шалгалтын дүн, Дубайн гэрээний талаар Шударга ёс эвслийн бүлэг дээр танилцуулга, тайлбар хийхийг бид Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Дубайд гарын үсэг зурсан нөхдөөс олон удаа шаардсан.
 
Харамсалтай нь манай бүлгийн удирдлагууд тэднийг албан ёсоор бүлэг дээрээ урьж өнөөдрийг болтол тайлбар авч чадахгүй байна. Хувь хүнийхээ хувьд Ч.Сайханбилэг бид хоёр сайхан харьцаатай. Гэхдээ тэр сайхан харьцаагаар өнөөдрийн Ч.Сайханбилэгийн Засгийн газрын алдаатай буруу шийдвэр, Монгол Улсад хохиролтой гэрээ хэлэлцээрийг нь яагаад ч халхавчилж, хаацайлж болохгүй.
 
Дубайн гэрээгээр Монгол Улс ахиад 4.2 тэрбум ам.долларын өрөнд орохоос гадна, Рио Тинто Оюутолгойн баялгийг гадны 15 банкинд барьцаанд тавьж, бидний өмнөөс зээл авахаар болчихлоо. Энэ бол үнэхээр хариуцлагагүй явдал бөгөөд энэ асуудалд нам эвслийн бүлгүүд, байнгын хороодод тайлбар өгөх ёстой гэж үзэж байна. 
 
-Үндсэн хуулийн Цэц “УИХ-ын гишүүн Ерөнхий сайд болон аль нэг сайдыг огцруулахаар өргөн мэдүүлж болохгүй” гээд заачихсан. Тэгэхээр Ерөнхий сайдыг огцруулах асуудал бүтэхгүй болж байгаа юм биш үү? 
 
- За яах вэ. Үндсэн хуулийн Цэцээс сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын гишүүн өргөн барихыг хязгаарласан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хариуцлагагүй байдлыг өөгшүүлсэн тун зохисгүй шийдвэр болсон. Тэгвэл өмнө нь яагаад сайдыг аль нэг гишүүний санаачилгаар огцруулж болоод байсан юм.
 
Ц.Нямдорж гишүүн нарын хийсэн шалгалтын дүнгээс харахад Үндсэн хуулийн Цэц С.Баярцогт сайдад л авлигадуулчихсан болов уу гэлтэй баахан төсөв баталж өгөөд, машин тэрэг авчихсан гэсэн үндэслэлийг гарцаа байхгүй харгалзаж үзэх асуудал юм шиг санагдсан. Үндсэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэрээс өөр юм байхгүй биш, хөх тэнгэрт хааяа үүл гарч, цахилгаан цахиж, аянга ниргээд аадар ордгийг зарим хүн санаж явахад илүүдэхгүй л болов уу. Ер нь УИХ-ын харьяа байгууллагуудын асуудлыг УИХ нухацтай авч хэлэлцээд нэг тийш нь болгох шаардлагатай байгаа юм. 
 
-Та энэ үгээ АТГ-т хан¬дуулж байна уу? 
 
-Үгүй дээ. УИХ, түүний харьяа байгууллагуудыг дээрх асуудлын талаар хэлэлцэн чиглэл өгөх нь зүйтэй гэж үзэж байна. “АТГ бол соён гэгээрүүлэх газар” байх ёстой гэсэн маш тодорхой байр суурьтай байсан, одоо ч хэвээрээ. Аль нэг албан тушаалтан, улстөрч үнэхээр авлига авсан, хээл хахуулийн хэрэгт орооцолдсон, улсын хөрөнгө шамшигдуулсан, үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулсан нь хөдлөшгүй баримтаар баталгаажсан бол хуулийн өмнө хариуцлага хүлээх л ёстой. Нөгөөтэйгүүр Монголын нийгэм маань ихээхэн ёс суртахуунгүй, бусармаг болчихлоо л доо. 
 
Шадар сайдаар ажиллаж байхдаа “Ард түмэн та хаан” гэсэн зөвөлгөөнийг харьяа агентлагуудаа оролцуулан улсын хэмжээнд хоёр удаа зохион байгуулж, энэ ажлын хүрээнд “Дэгтэй Монгол дэлхийд манлайлна” гэсэн илтгэл тавьж, бүх ард түмнээр хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодол, шүүмжлэлийг нь сонсож, ажилдаа хэргжүүлж байсан. Өнөөдөр бүх салбарт ажлын хариуцлага, сахилга бат, дэг журам доод түвшинд хүртлээ уначихаад байгаа учир АТГ-ын үйл ажиллагаагааг нийгмийн сэтгэлзүйг соён гэгээрүүлэх үндсэн зорилгодоо улам илүү чиглүүлэн ажиллах ёстой гэж бодож байна. 
 
-Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбын хэрэг энд хамаарах уу? 
 
-Ерөнхий сайд Ч.Сайхан¬билэг Засгийн газрын танхимаар ажиллах зарчмыг хэрэгжүүлсэнгүй. Нэг сайд нь үнэн, худал нь мэдэгдэхгүй хэрэгт холбогдчихоод байхад хүний урманд авч хэлэлцэхгүй байгаад олны гайхлыг төрүүлж байна. МАХН ба “Шударга ёс” эвслийн бүлэг ч гэсэн энэ асуудал дээр бодит мэдээлэл авч анхаарал тавьж ажиллах ёстой.
 
Г.Шийлэгдамба сайдын асуудал, эрүүл мэндийн байдалд үнэхээр сэтгэл зовж явна. Удахгүй түүнийг эргэж очино. Маш чухал салбар болох Эрүүл мэндийн яам хариуцсан сайдгүй, төрийн нарийн бичгийн даргагүй, удирдлагагүй байгаа нь бас л хариуцлагатай холбоотой. Энэ амаргүй салбарын удирдлагын асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй.
 
-Оюутолгойд шалгалт хийсэн ажлын хэсэг 3.2 тэрбум ам.долларын хэтэр¬сэн санхүүжилт байгааг тогтоосон. Тэр асуудал юу болсон бэ? 
 
-Шинэчлэлийн Засгийн газрын үед Шадар сайдаар ажиллаж байсан миний бие, Сангийн сайд Ч.Улаан, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарын санаачилгаар байгуулагдсан ажлын хэсэг бүтэн гурван жил Оюутолгойн баримтыг шалгаад 3.2 тэрбум ам.долларын будлианыг илрүүлж, ажлын хэсгийн 25 гишүүн гарын үсэг зурчихсан байхад дээрээс нь нэмээд Дубайд гэрээ байгуулсныг яагаад ч зөвтгөх аргагүй. Зөвхөн дээрх 3.2 тэрбум ам.долларын хэтэрсэн санхүүжилт л Ч.Сайханбилэгийг огцруулах маш хангалттай үндэслэл.
 
Одоо Ч.Улаан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж Оюутолгойн асуудлыг бүр эхнээс нь маш нягт нямбай, иж бүрнээр нь шалгахаар ажиллаж эхлээд байгаа. Үндсэндээ 2009 онд хийгдсэн Оюутолгойн гэрээ бол “Африк тивийг шулж мөлжсөн барууны дээрэмчдийн ХХI зууны сонгодог жишээ” болсон л доо. Үүнээс зөвхөн нэг асуудлыг дурдахад Монгол Улсын Засгийн газарт зөвлөж байсан компани нь Оюутолгой буюу Айвенхоу майнзын хувьцаа эзэмшигч байх жишээтэй. Ийм байхад Оюутолгойд Монгол Улсын эрх ашиг яаж зуун хувь хамгаалагдах вэ дээ.
 
Миний хувьд 2008 оноос л Оюутолгойн гэрээ буруу замаар явж байгааг мэргэжлийн эрдэмтэн судлаачдын гаргасан тооцоо судалгаан дээр тулгуурлан санал бодлоо хэлж, зарим үед шүүмжилж байсан. Бидний хэлж байсан санал бодлууд, шүүмжлэлүүд өнөөдрийг хүртэл өдөр бүр баталгаажиж байгаа учраас энэ асуудлыг дахин дахин хөндөж хэлээд байгаа минь энэ л дээ. Өнөөдөр ч тэр байр суурин дээрээ хатуу зогсож байна.
 
-Та хариуцлага сахилгын асуудлыг олонтаа давтлаа. Гэтэл таны харьяалагддаг “Шударга ёс” эвслийн бүлэг сүүлийн үед тун хариуцлага, сахилгагүй ажиллаж байгаа. Гаргаж байгаа шийдвэрүүд нь ч маш бөөрөнхий, бусдыг аялдан дагасан, өөрийн гэсэн үзэл баримтлалгүй байгаа. Энэ бүхэнд залхсан О.Баасанхүү, Г.Уянга, Л.Цог гишүүд бараг л бүлгээсээ татгалзчихаад байгаа юм биш үү? 
 
-Зөв өө зөв. Гэхдээ нэгэнт л сонгогчид болон намаас итгэл хүлээгээд УИХ-н гишүүн болчихоод “нэг эвсэл болж, нэг зорилготой ажиллана” гэсэн л бол нам эвслийнхээ дэг, дүрэм журманд захирагдаж, тушаал шийдвэрийг нь хүндэтгэн дагах ёстой л доо. Олонхын саналаар гаргасан шийдвэрийг хүндэтгэж дагах нь ардчиллын гол зарчим.
 
Бүлгийн дарга Н.Батцэрэг сайд болж ажлын ачаалал нь эрс нэмэгдсэнээс шалтгаалан бүлгийн ажил цалгардаж байгаатай уялдан өөрчлөх ёстой гэсэн гишүүдийн санал байгаа нь үнэн.
 
Бүлгээс гарна, татгалзана гэсэн хувь гишүүн байгаа бол тэдний өөрийнх нь л шийдэх асуудал хэдий болов ч үлдсэн зургаа, долоохон сарын хооронд “гарман дээр морио сольдоггүй”-г санаасай л гэж бодож байна. Би бүгдтэй нь энгийн сайхан харилцаатай байдгийн хувьд сайн бодож, асуудалд ул суурьтай хандаарай л гэж захидаг. 
 
-Таныг харахад дотроо зөрчилдөж, бухимдаад л явах шиг санагддаг. Учир нь Ерөнхий сайдыг шүүмжилж, огцруулах бичигт гарын үсэг зурчихмаар байв ч Засгийн газрыг бүрдүүлж байгаа нэг субьектын дэд даргын хувьд яах аргагүй тэвчихээс өөр аргагүй. Ингэхээр та дотроо нэлээд зөрчилтэй байгаа юм биш үү? 
 
-Та арай жаахан андуу бодож байна. Миний хувьд харин ч нээлттэй, өөрийн байр сууриа ил тод илэрхийлдэг, олонхоороо гаргасан шийд¬вэрийг хүндэтгэдэг учир, хоёр өөр нүүр гаргаж, хоёр өөр бодол тээж явдаггүй. Ямар нэгэн дотоод зөрчилгүй улстөрч гэдгээ итгэлтэй хэлнээ. Өнөөдрийг хүртэл хариуцлагатай ажил хашиж ирэхдээ ямар ч том даргыг аялдан дагалдаж, өөр хүний бодлоор явсангүй. 
 
Санал нийлэхгүй асуудал байвал шууд л нүүрэн дээр нь хэлдэг. Ямар ч дарга байсан эх орон, ард түмний эрх ашгийн төлөө бол хэлэх гэснээ хэлээд л ирсэн. 
Нөгөөтэйгүүр хэдийгээр миний зөв гэж бодож байсан ч ардчилсан нийгмийн олонхийн шийдвэрийг хүндэтгэх ёстой гэсэн зарчмын дагуу аль болох ганцаарчилсан тоглолтоос зайлсхийж, хамт олноо олонхоо хүндэтгэж харьцдаг.
 
Дээр нь ямар ч асуудалд өөрийнхөө юмуу, намын эрх ашгийг урьтал болгодоггүй, хамгийн гол нь Монгол Улсын язгуур эрх ашгийг дээдлэн хүндэтгэж, Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, түүнд хяналт тавих ёстой гэж үздэг.
 
-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдах үед Ц.Нямдорж гишүүн “Алтанхуяг аа Тэрбишдагва мэтийн урвагчид мөдхөн араас чинь хутгалчихаад хаяад зугатна даа, харж л байгаарай” гэж байсан. МАН-аас гарч МАХН-д орсон таны үйлдэл урвалт мөн үү?
 
-Тийм үг хэлж байсныг санаж байнаа. Би ч бас Ц.Нямдоржид “улстөрийн зөнөглөлд орсон, бас жинхэнэ урвагч чинь чи шүү” гэж хэлж л байлаа. Олон жил улстөрд хатаагдаж яваагийн хувьд бидний хувьд бие биендээ муугаар бодох санах юмгүй, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө, хариуцлагагүйн эсрэг харин санал бодлоо солилцон тодорхой асуудлууд дээр нэг байр суурьтай байдаг юм.
 
Би гурван удаа сонгуульд МАХН-аас л нэр дэвшиж УИХ-д сонгогдон ажиллаж байна. Түүнээс биш нэг удаа МАН, дараа нь АН ч юмуу, эцэст нь МАХН-аас сонгогдсон зүйл байхгүй. Хэзээ ч хэнээс ч урваж, шарваж яваагүй.Сонголтондоо үнэнч яваа. 
 
-МАХН-ын дарга Н.Энхбаяртай аль хэр харилцаатай байгааг тань сонирхож байна
 
-Бидний харьцааг болж л өгвөл муутгах гэж худлаа цуу яриа тарааж зориуд хөндийрүүлэх гэсэн олон санаархал явдгийг мэднэ. Харин бид хоёрын харилцаа хэвээрээ. Энгийн, ажил хэрэгч байдгийг л шулуухан хэлчихье. Н.Энхбаяр дарга бид хоёрын байр суурь зарим зүйл дээр зөрөлдөх асуудал гардаг. Тэр үед би шулуухан л өөрийнхөө байр сууриа тодорхойлон үгээ хэлдэг. Өнөөдөр Н.Энхбаяр даргын хэлсэн болгон бурханы сургааль биш шүү дээ. 
 
Хэнд ч гэсэн мэдээж алдаа, онообайж таараа. Харин бага алдаж, ихийг бүтээхийн төлөө л бид хамтран ажиллаж бие биендээ үгээ хэлж, санал солилцож, нэг нэгэндээ түшиг болж яваа. Эцсийн эцэст санал зөрөлдсөн ч учир зүйгээ ололцоод асуудлаа шийдээд урагшаа явах нь ардчиллын эрүүл зарчим шүү дээ.
 
-Та ирэх сонгуульд дахиад Сонгино¬хайрхан дүүргээс нэр дэвших үү? 
 
-Намын жагсаалтын ард нуугдахгүй гэдгээ түрүүн хэлсэн. Дэд даргын хувьд намаасгурван газрыг хариуцан ажиллах үүрэг өгсөн. Тэр дунд Сонгинохайрхан дүүрэг багтдаг юм. Ирэх сонгуулиар жагсаалтад орохгүй тойрогт нэр дэвшинэ гэсэн бодолтой байгаа. 
 
-Та Сонгинохайрхан дүүр¬эгт чамгүй их зүйл хийх юм аа. Саяхан эмч нарын үзлэгт иргэдийг хамруулсан уу?
 
-Сонгинохайрханчууддаа үргэлж талархаж болж л өгвөл тус нэмэр болохыг хичээж явдаг даа. Өнгөрсөн зун БНСУ-аас 26 нарийн мэргэжлийн эмч авчирч дүүргийнхээ 1000 гаруй хүнийг нарийн мэргэжлийн үзлэг, эмчилгээнд хамруулсан. 
 
Саяхан нарийн мэргэж¬лийн найман эмчийн бүрэлдэхүүнтэй баг найман чиглэлээр үзлэг хийж ажилласан. Нэг эмч нь өдөрт 60 гаруй хүн буюу нийтдээ 10 гаруй мянган хүнийг эмчилгээ, үзлэгт хамрууллаа. Дүүргийн маань амаргүй нөхцөлд амьдарч, тэр болгон нарийн мэрэгжлийн эмч нарын үзлэгт хамрагдаж чаддаггүй өндөр настан, олон хүүхэдтэй эмэгтэйчүүд зэрэг хүмүүст чин сэтгэлээсээ тусалж ажилласанард түмний эрүүл энхийн манаанд тангарагаа өргөсөн эмч нартаа танай сониноор дамжуулан талархлаа илэрхийлье. 
 
Эх сурвалж:"Өглөөний сонин"